Канад коронавирусний вакцины патентаас түр хугацаагаар татгалзахыг дэмжжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-08 11:50:58

ОТТАВА. /CBC/. Коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр хугацаагаар хүчингүй болгох саналыг Канадын Засгийн газар дэмжиж байна гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо баасан гарагт мэдэгджээ.  


"Энэ цар тахлыг дэлхийн өнцөг булан бүрд эцэслэхээс нааш дийлэхгүй гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс бид ийм хэлэлцүүлэгт оролцож байгаа бөгөөд ийм шийдвэр гарна гэж найдаж байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Цар тахлын цар хүрээг харгалзан вакцин үйлдвэрлэгч улс орнуудад коронавирусний вакцины оюуны өмчийн эрхээс түр хугацаагаар татгалзах уриалгыг Энэтхэг болон, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс /ӨАБНУ/ Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ өнгөрсөн оны сүүлчээр хүргүүлжээ. Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа, Их Британи, Европын Холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Харин АНУ уг саналыг дэмжиж байгаагаа энэ долоо хоногт мэдэгдсэн юм.


Лхагва гарагт Женевт болсон ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар Энэтхэг, ӨАБНУ-ын саналыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийджээ. Оюуны өмчийн эрхийг түр хугацаагаар хүчингүй болгосноор дэлхий даяар коронавирусний вакцины үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжтой болох юм. Гэсэн хэдий ч ДХБ энэ асуудлаар одоог хүртэл нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй байна. Энэтхэг, ӨАБНУ-ын саналыг одоогийн байдлаар ДХБ-ын гишүүн 164 улсаас Боливи, Венесуэл, Египет, Монгол, Пакистан зэрэг 60 улс дэмжиж буйгаа илэрхийлжээ.


Холбоотой мэдээ