Манай улсад коронавирусний мутацлагдсан хэлбэр илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-07 22:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтэд Япон улсад тодорхой тооны сорьц дээр генийн дараалал тогтоох судалгаа хийхэд манай улсад коронавирусний өвөрмөц мутацлагдсан генийн хэлбэр илэрч байна.


“Цааш нь нарийн судалж, сорьцын тоог нэмэгдүүлж, энэ нь өвчлөлийн хоруу чанар, хүндрэл тархалтад нөлөөлж буй эсэхийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай”-г ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр УОК-ын хэвлэлийн өнөөдрийн хурлын үеэр мэдээллээ.


Тэрбээр, "Гамшгийн зэрэглэлийг маргаашаас бууруулах ч эрсдэл хэвээр байгааг мартаж болохгүй. Хүүхдүүд, жирэмсэн эх, эрүүл мэндийн шалтгаануудын улмаас вакцинд хамрагдаж чадаагүй иргэд бий. Иймд бидний дунд цар тахлын аюул нүүрлэсээр байгаа. Вакцин хийлгэсэн ч халдвар авсан тохиолдол цөөнгүй бий. Эхний тунгаа хийлгэсэн иргэдийн нэг хүртэл хувь нь халдвар авлаа. Хоёр дахь тундаа хамрагдсан ч өвчилсөн тохиолдол гарсан тул халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай. Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдлуудад мутацлагдсан хэлбэр орж ирсэн байхыг үгүйсгэхгүй" гэлээ.

Холбоотой мэдээ