Б.Даваа: 36 жилийн хугацаанд 6260 эхийг эсэн мэнд төрүүлж, олон айлд аз жаргал бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-06 19:09:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч Б.Даваатай ярилцлаа.


-Та аймгийнхаа амаржих газарт эх баригчаар хамгийн удаан ажилласан хүн. Хэд дэх жилдээ эх баригчаар ажиллаж байна вэ?

-Миний бие 1983 онд тус аймгийн АУДуС-ийн эх баригчийн ангид дөрвөн жил суралцаж төгссөн. Аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 1985 оны наймдугаар сард эзэмшсэн мэргэжлээрээ ажилд орж байлаа. Үүнээс хойш улсад тасралтгүй 36 жил ажиллаж байна. 

-Монголчууд эх барьж авсан хүнээ хүндлэн “Хүйн ээж” хэмээн өргөмжилдөг. Та энэ хугацаанд хэчнээн хүүхэд эх барьсан бэ?

-Монголчууд эрт дээр үеэс хүндлэн энэ уламжлалаараа биднийг Хүйн ээж, Цагаан ээж, Газар ээж, Авсан ээж гэж хүндэлдэг шүү. Анх эх баригч болоход энэ сайхан өргөөнд хүлээн авч, зааж сургаж байсан их эмч, эх баригч нараа дурсахгүй байхын аргагүй. Их эмч Л.Лхагвацэрэн, Г.Тогтох, Пүрэвдаш, эх баригч Ц.Цэрэндаваа, Г.Уртнасан, Ч.Дэжидмаа, Цэрэндолгор, Б.Энхтуяа гэх мэт олон сайхан чадварлаг хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж, их зүйл сурч мэдсэндээ баяртай байдаг.

Бид хамт олноороо олон сайхан бүсгүйчүүд, залуучуудыг ээж аав болгосон доо. Олон ч ээжүүдийн энгэрт “Эхийн 1, 2 одон”-г зүүлгэсэн. 36 жилийн хугацаанд нийтдээ 6260 эхийг эсэн мэнд төрүүлж олон айлд аз жаргал бэлэглэсэндээ баяртай байдаг. Үүн дотор 50 гаруй ихрийг эх барьж авсан байна.

-Та яагаад энэхүү мэргэжлээ сонгосон бэ?

-Энэ мэргэжлийг ээж минь сонгож өгсөн. Бид эхээсээ наймуулаа. Намайг ээж минь –“Хурууны мэдрэмж сайтай, гүйлгүүр ухаантай, юманд эв дүйтэй, хүүхэлдэйгээ эвсэг боодог” гээд л урмын сайхан үгээр мялаадаг байсан нь нөлөөлсөн гэж хэлж болно. Эмэгтэй хүнийг ээж болоход ойр хүн эх баригч. Өвдөхөөс эхлээд төрөх хүртэл өглөө, өдөр, шөнө хамтдаа өвдөлтийг нь хуваалцаж, ээжийн оронд ээж болж, энэрч хайрлан жилийн дөрвөн улиралд өдөр шөнөгүй хамт байж эх хүн, ээж хүн болгосондоо баяртай байдаг.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Мэргэжил бүхэн сайхан үнэ цэнтэй байдаг. Ээж болгоод үрийг нь тэврүүлээд, хүүтэй /охинтой/ болсон гээд баяр хүргээд хөлсийг нь арчих тэр мөч үнэхээр сайхан. Эх хүн болсноо мэдэрч үрээ энхрийлж, ар гэртэйгээ яриад баярлаж уйлж байхыг нь хараад зэрэгцээд уйлах тохиолдол бишгүй л их. Энэ мөчид л мэргэжлээрээ бахархдаг.

-Эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сайхан. Гэсэн ч хүндрэл бэрхшээл тулгардаг л байх. Эх баригч хүний жаргал зовлонгоос хуваалцвал?

-Төрөлтийн үйл явц байгалийн жамаараа явагддаг боловч эрсдэл гарах нь өндөр байдаг. Тийм учраас төрөлт удирдах болгондоо зөв төлөвлөж, мэргэжлийнхээ эмчтэй хамтран ажиллахад хэвийн айх айдасгүй дээ.

-Эх барьж авахад санаанд тод үлдсэн хүнд хэцүү, содон, мартагдахааргүй тохиолдол цөөнгүй байсан байх даа?

-Анх эх баригч болоход тасгийн эмч Л.Лхагвацэрэн Тайшир сумын харьяат Цэцэгмаа гэдэг эмэгтэйг ээлж болгонд анхааруулж ихэс гардуулдаг гэж захидаг байлаа. Түүнээс маш их айна. Тэр үед одоогийнх шиг мэргэжлийн эмч гэж байдаггүй, төрөлтийг эх баригч дангаараа хариуцдаг байлаа. Гэнэт тэр ээж миний ээлж дээр төрөхөөр ирдэг юм байна. Гэтэл манай сувилагч Мядагмаа айх зүйлгүй гэж намайгаа зоригжуулж, би чинь анх ихэс гардаж үзлээ. Тэр үед эхо оношилгоо гэж байсангүй, ихэс нь яасан бол гэж санаа зовниж байлаа. Харин дараа нь нөгөө ээжтэйгээ эмнэлэг дээр таарч “Баярлалаа” гэдэг үгийг сонсоод их баярлаж, өөрөөрөө бахархаж байлаа .Ингэж анх ихсийг гардаж сурсан даа. Өгзөг, хөл түрүүлэлтийн тохиолдлуудыг ч эмчтэйгээ хамтран мөн ч олон удаа төрүүлж байсан. Эргээд бодоход их дурсамжтай шүү.

-Говь-Алтай аймгийн Амаржих газарт хэдэн эх баригч ажиллаж байна, ажлын ачаалал хэр байдаг вэ? 

-Манай төрөх, амаржих газар нь 15 эх баригч, 7 их эмчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тавдугаар сарын 4-нд АШУҮИС-ийн багш нар болон Төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор Г.Лхагважаргал нар баруун бүсийн таван аймгийн эх баригч нийтдээ 74 мэргэжилтэн “Эх баригч нарын баяр”-ыг угтаж “Бид хамтдаа хөгжье” цахим хэлэлцүүлэг хийлээ. Ажлын ачаалал их шүү. Өөрийн аймгийн бүх сум болон ойролцоох Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Асгат сумын эхчүүдэд төрөх тусламжийг үзүүлдэг. Нийт төрөлтийн 80 хувь аймагт төрж байна.

Энэ их ажлын ачааллыг нугалалцаж, мөр зэрэгцэн ажиллаж, үргэлж аз жаргал бэлэглэж байдаг Төрөх эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор Л.Лхагважаргал, тасгийн эх эмч А.Сувдмаа, Ц.Пүрэвсүрэн, Л.Отгончимэг, В.Сэргэлэн, П.Төртогтох, Б.Отгонбаяр болон эх баригч, сувилагч нартаа “Олон улсын эх баригчдын өдөр”-ийн мэнд хүргэн ажлын амжилт хүсье.

-Говь-Алтай аймгийн Амаржих газарт жилд хэчнээн эх амарждаг вэ, сүүлийн үед кесар хагалгаа хийлгэх нь элбэг болсон гэх юм? 

-Жилд 1300 эх төрдөг. Кесар хагалгааг жирэмсэн эхийн биеийн байдлаас шалтгаалан хийдэг. Жилд дунджаар 200 гаруй кесар хагалгаа хийдэг. Өнгөрсөн оны тухайд 180 хагалгаа хийсэн байна. Манай хамт олон 2006 оноос хойш эхийн эндэгдэлгүй ажиллаж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ мөчийг ашиглаад хамтран ажиллаж байсан үе үеийн эх баригч эмч нар болон одоо хамтран ажиллаж байгаа чадварлаг залуу үеийн төлөөлөл болсон эх эмч, эх баригч, сувилагч, үйлчлэгч нартаа баярласан талархсанаа илэрхийлэхээс гадна аймгийнхаа нийт эмэгтэйчүүдэд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний минь цаашдын зам мөр, ажил үйл бүхэн өөдөө дээшээ байж, бодож санасан ажил үйлс бүхэн нь эхийн цагаан сүү шиг цагаан, оргих булгийн ус шиг ундарч байх болтугай.


Холбоотой мэдээ