Хаврын тариалалт Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-06 13:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хаврын тариалалт эхэллээ. Тодруулбал, тариалалт Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим суманд эхэлсэн бол Төв аймаг зэрэг газар тариалангийн бусад бүс нутгийн хаврын тариалалт энэ 7 хоногийн сүүлээс жигдрэх төлөвтэй байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ хавар хөрсний угтвар чийг хангалттай, ААН-үүд тариалах үрээ татан авч ариутгах ажлыг эхлүүлээд байна. 


Манай улс энэ хавар 530.3 мянган га-д тариалалт хийж, 495.6 мянган тонн үр тариа хураан авахаар төлөвлөөд байгаа юм.


Тариалалт нь ямар ч нөхцөл байдал үүссэн хойшлуулшгүй, технологийн цаг хугацаатай учир тариаланчид цагтаа тариалалтаа хийж эхэлснийг салбарын яамнаас мэдээлж байна. ХАА-г дэмжих санд 5600 тонн үрийн буудайн нөөцтэй, ОХУ-аас 10 гаруй мянган тонн үрийн элит сортын буудайг татаж авахаас ААН-үүдтэй гэрээ байгуулан 80 орчим хувийг нийлүүлээд байгаа аж. Энэ талын гэрээ хэлцлийг ХАА-г дэмжих сангийн аймаг, орон нутаг дахь салбаруудаар дамжуулан цахимаар хийж буйг мэдээллээ. 


Засгийн газрын "Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл олголт хурдан шуурхай хэрэгжвэл энэ жил тариаланчид, хүнсний ногоочид хаврын тариалалтаа өргөн хүрээнд хийх боломж бүрдэж байна. Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэл гарахгүй бол тариаланчид 20 хоногийн дотор хаврын тариалалтаа бүрэн хийж гүйцэтгэх төлөвтэй байна. Тариалалтад оролцох иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж, аймаг, орон нутгийн Онцгой комиссоос тусгай зөвшөөрөл олгож байна. 



Холбоотой мэдээ