Д.Цэрэнбат: Завханы 3000 гаруй багш, суралцагч үндэсний бичгийн уран бичигтэн болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-05 10:59:20

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил үндэсний бичиг үсгийн баяраар ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар Завхан аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнбатаас авлаа.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үе хэдий ч аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын санаачилгаар “Ковидгүй Завхан” уриан дор “Хөл хориог хөгжих боломж болгоё” нэртэй гурван насны ангиллаар 8 төрлийн цахим уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Тухайлбал 10-12 ангийн сурагчдын дунд Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн бүтээлийг үндэсний бичгээр уран бичих, ахмадуудын дунд “Ахмадын сургаал” нэртэй цахим уралдааныг зохион байгуулж байна. Энэ нь ахмадууд маань цахимаар өөрийн нутаг орныхоо тухай үлгэр домог, хууч, шүлэг найргийг унших, мөн үндэсний бичгээр уран бичих уралдааныг тус тус зарласан байгаа.

Түүнчлэн үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар “Балжиннямын Баярсайхан” сангаас аймгийн монгол хэл, бичгийн багш нартай хийх цахим уулзалтыг хамтран зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баярсайхан түүний ажлын албаныхан, Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхжаргал, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар оролцож үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх арга туршлагаа солилцлоо.



-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр манай аймгийн хэмжээнд монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү? 2017 онд манай аймаг хаягжилтаараа улсад тэргүүлж байсан?

-Монгол хэлний тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 17.1.2.-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулна гэж заасанчлан бүх нийтээр кирилл болон үндэсний бичгээрх хаягжилт, тэмдэглэгээтэй болох ажлыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас гаргасан судалгаанаас үзэхэд Завхан аймаг  80 хувьтай энэ ажилд тэргүүлсэн байна.

Өнөөдөр ч манай аймгийн бүх төрийн байгууллага хаягаа кирилл, үндэсний бичгээр хослуулан хийсэн. Харин хувийн хэвшлийн аж ахуй нэгж, үйлчилгээний газрын хаягжилт, бараа бүтээгдэхүүний нэр, шошгыг үндэсний бичгээр хослуулан бичих ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн Засаг дарга сумдын засаг дарга нарт чиглэл өгсөн байгаа. Тиймээс энэ ажлын үр дүн нь нэмэгдэнэ гэж харж байна.

-Завхан аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэлийн талаар товч танилцуулахгүй юу?

-Манай аймаг Хэлний бодлогын салбар зөвлөлөө 2021 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулсан. Зөвлөлийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал тэргүүлж мэргэжлийн багш нар, төр, олон нийтийн байгууллагын төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Мөн иргэдийн монгол хэл, үндэсний бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах хөгжүүлэх, монгол хэлний тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон эх хэл, бичиг соёлын талаар баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг удирдан чиглүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдээлэн сурталчлах чиглэлээр ажиллаж байна.

-2025 оноос төрийн албан хэргийг кирилл, монгол бичгээр хөтлөх, бүх нийтээр үндэсний бичигт шилжихэд манай аймаг хэр бэлтгэлтэй байна вэ?

-Манай аймаг төрийн албан хаагчдаа үндэсний бичигт сургахад нэлээд анхаарч ажиллаж байна. Төрийн байгууллагууд үндэсний бичгийн болон кирилл үсгийн зөв бичих дүрмийн сургалтыг үе шаттайгаар хийж, үр дүнд нь анализ хийн ажиллаж байгаа. Ер нь үндэсний бичиг үсгийг суралцах, эрхэмлэх дээдлэх талаарх олон ажлыг шат дараатай зохион байгуулдаг.

Тухайлбал 2019-2021 онд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан нарын санаачилгаар аймгийн БСУГ-тай хамтран “Миний Монгол-2025” төслийн сургалтыг зохион байгуулсан. Сургагч багшаар ӨМӨЗО-ны Ордос хот, Отгийн өмнөд хошуунаас уран бичигтэн багш нарыг урьж, хоёр үе шаттай бийрийн уран бичлэгийн сургалтыг бүсчлэн зохион байгуулсан. Үүний үр дүнд 3000 гаруй багш суралцагч уран бичигтэн болсон. Мөн сургалтын хүрээнд Монгол хэл бичгийн 35 багшийг ӨМӨЗО-ны Ордос хот, Отгийн өмнөд хошуунд аялуулж 10 хоногийн сургалтад хамруулсан нь ихээхэн ач холбогдлоо өгсөн ажил болсон.

Үүний үргэлжлэл болгож 2020 оны 4-10 дугаар сар хүртэл зургаан сарын хугацаатай “Хос бичигтэн” аяныг аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулж аянд давхардсан тоогоор 495 багийн 1833 суралцагч, багш, эцэг эх оролцсон нь аймгийн нийт хүн амын 2,7 хувийг эзэлж байсан. Тэр үед үндэсний монгол бичгээрээ цахим орчинд иргэд ёстой давалгаалж байсан. Энэ ажил маш үр дүнтэй болж олон хүүхдэд сайн үлгэр дуурайл болсон. Мөн цар тахлын хөл хорионы үеэр эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран үндэсний бичгийг суралцаж байсан нь гэр бүлийн уур амьсгал, дадлыг зөв болгосон үлгэр жишээ ажил болсон юм.

Танд баярлалаа.














 

 

 

Холбоотой мэдээ