Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүд вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-04 15:43:48

РОМ. /TASS/. Италийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогчид Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоосоо өмнө коронавирусний вакцин хийлгэжээ.


Багийн гишүүдийн зарим нь Милан хотод вакцин хийлгэсэн бол өөр нэг хэсэг нь Ром хотод байрладаг Халдварт өвчний хүрээлэнд вакциндаа хамрагдсан байна.


Өмнө нь Италийн эрх баригчид Ром хотын олимпын цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтуудыг үзэгчидтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. Зургадугаар сарын 1-нээс эхлэн спортын уралдаан тэмцээнүүдэд үзэгчдийг эрүүл ахуйн дүрэм журмыг чанд сахих нөхцөлтэйгээр байлгахаар болсон байна.


Үүнээс гадна Токиогийн Олимпын наадамд оролцох Италийн баг тамирчид вакцинжуулалтад хамрагдаж эхлээд байгаа аж.


Италийн аваргын тэмцээнд түрүүлсэн “Интер” багийн ялалтыг тэмдэглэхээр ням гарагт Милан хотод 30 мянга гаруй хөгжөөн дэмжигч төв гудамжинд гарч иржээ. Энэ байдлыг эрх баригчид эрс шүүмжилсэн байна. Үүнээс гадна дэлгүүр, зоогийн газар, бусад байгууллагыг хаахыг шаардсан хатуу хөл хорио хэрэгжсэний дараа ийнхүү иргэд хариуцлагагүй хандаж, эрх баригчид идэвхгүй байсанд нь олон оршин суугч дургүйцлээ илэрхийлжээ.


Италид коронавирусний халдварт өвчний тохиолдол буурч байгаа ч явц нь харьцангуй удаан байгаатай холбоотойгоор зарим хязгаарлалтыг цуцалснаар халдварын тохиолдол дахин өснө гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад 4 сая гаруй хүн халдвар авч, 121 мянган хүн нас баржээ. Хүн амынх нь 10 гаруй хувь нь буюу 6 366 034 хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж.

Холбоотой мэдээ