Хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурал цахимаар боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-04 15:22:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай цахим хурал боллоо. Хурлаар иргэдийн санал хүсэлт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм.

4 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70321111 утсаар 122 иргэн хандаж, 30 асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Санал хүсэлт, асуултын дийлэнх нь вакцинжуулалт, ариутгал, халдваргүйтгэл, отор нүүдэл, өвс тэжээлтэй холбоотой бөгөөд холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлэж, хариу тайлбарыг өгсөн хэмээн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Анхтуяа хэллээ.

Өнгөрөгч долоо хоногт 726 тээврийн хэрэгслийг камераар хянаж, Арвайхээрээр дамжин өнгөрүүлсэн ба 130 жолоочид утсаар холбогдон мэдээлэл өгчээ.

Шуурхай хурлаар аймгийн Засаг дарга А.Ишдорж татварын буцаан олголттой холбоотой мэдээллийг цахимаар иргэдэд өгөхийг Татварын албанд, өвс тэжээлийн үнийн өсөлтөд анхаарч, үнэ хөөрөгдсөн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг ХХААГ-т үүрэг болголоо  Мөн мод тарих өдрүүдийн хүрээнд байгууллага бүр гадна тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгөв.

Төрийн албан хаагчдын дунд коронавируст халдвар батлагдсан иргэний ойрын хавьтал болсон хэрнээ ажилдаа ирж, байгууллага, хамт олноо эрсдэлтэй байдалд оруулах тохиолдол гарч байгаа учраас байгууллагадаа тандалт судалгаа хийж, ажилтан, албан хаагчдадаа тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөх талаар сануулга өгч ажиллахыг байгууллагын дарга нарт анхааруулаад байна.

Долоо хоногийн мягмар гараг бүрийн Шуурхай хуралдааныг ирэх долоо хоногоос өргөжүүлж, сумдын Засаг дарга нарыг цахимаар оролцуулах шийдвэр гаргалаа. 

Холбоотой мэдээ