Мексикт багш нарын жагсаалын үеэр 3 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-20 11:30:56

МЕХИКО. /ВВС/.  Мексикийн өмнөд нутагт багш нар болон цагдаа нар хооронд болсон мөргөлдөөний үеэр наад зах нь гурван хүн амиа алджээ.

Мөн мөргөлдөөний үеэр цагдаа голдуу 45 хүн гэмтэж бэртсэн байна.

Энэ хэрэг тус улсын Оаксака мужид болжээ. Тус мужид өнгөрсөн долоо хоногт багш нарын холбооны нөлөө бүхий хоёр удирдагчийг авлигын хэргээр баривчилсан аж.

Зарим талаар хэт туйлширсан үйл ажиллагаа явуулдаг Мексикийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийнхэн хоёр удирдагчийг нь баривчилснаас хойш өмнөд нутгийн зам талбайг хаан жагссаар байгаа юм.

Албаны хүмүүс хэлэхдээ “цагдаа нар замыг чөлөөлөхийг оролдох үед үл таних зэвсэгт этгээдүүд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд хоёр талын аль алин руу гал нээж эхэлсэн” гэлээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар буугүй байсан гэж Мексикийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгдсэн юм.

Хэрвээ Оаксака мужийг нийслэл Мехико хоттой холбодог замыг чөлөөлөхгүй бол нефть боловсруулах үйлдвэр хаалгаа барихаас өөр аргагүйд хүрнэ гэж тус улсын төрийн өмчийн нефтийн компани болох “Pemex”-ийн удирдлага өнгөрсөн баасан гарагт анхааруулж байв.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ