Саудын Араб коронавирусний даатгалгүй мөргөлчдийг оруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-04 13:38:51

ЭР-РИЯД. /TASS/. Лалын шашны мөргөлчид зөвхөн коронавирусний эрүүл мэндийн даатгалтай тохиолдолд Мекка, Медина дахь ариун газруудад хаж мөргөл үйлдэхэд оролцох боломжтой байна. Ийм шийдвэрийг Саудын Арабын эрх баригчид гаргасан гэж “Saudi Gazette” сонин мэдээлэв.


Эрүүл мэндийн даатгалд коронавирусний халдвар авсан тохиолдолд хийх эмчилгээ болон тусгаарлах зардал, мөн яаралтай шаардлагатай тохиолдолд эх оронд нь хүргэх зардал багтсан байх ёстой байна.


Саудын Арабын эрх баригчид энэ сарын 17-ноос хилээ нээж, иргэдийн гадагш зорчих хязгаарлалтыг цуцлах гэж буйгаа ням гарагт мэдэгдсэн юм. 


Сүүлийн 24 цагт тус улсад коронавирусний халдварын 953 шинэ тохиолдол илэрч, цар тахал дэгдсэнээс хойш батлагдсан тохиолдлын тоо 420 300 болсон байна. Халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо 6900 давжээ.   


Лалын шашинтнуудын ариун хаж мөргөл энэ жил долоодугаар сарын хоёрдугаар хагаст тохиож байгаа аж.


Холбоотой мэдээ