Иракийн хүчнийхэн Фаллужа хотыг чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-18 09:39:55

БАГДАД. /VOA/. “Лалын улс” бүлэглэлийн босогчдын хувьд гол түшиц газруудынх нь нэг болоод байсан Фаллужа хотыг засгийн газрын цэргүүд чөлөөлж чадлаа гэж Иракийн Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хайдер Аль-Абади баасан гарагт телевизээр мэдэгдэл хийхдээ “Иракийн цэргүүд амласнаараа Фаллужа хотыг чөлөөлж чадлаа” гээд “Одоо Иракт тус бүлэглэлийн босогчдын хувьд байх газар байхгүй болсон” гэж цохон тэмдэглэжээ.

“Лалын улс”-ынхан Фаллужа хотыг хоёр жил гаруйн өмнө булаан эзэлсэн бөгөөд тус хотыг  нийслэл Багдад хот руу давшина гэж сүрдүүлэхдээ гол баазаа болгон ашиглаж байсан юм.

Фаллужа хотоос босогчдыг хөөн гаргах томоохон цэргийн ажиллагааг Иракийн хүчнийхэн тавдугаар сарын сүүлчээр явуулж эхэлсэн билээ.

Тус бүлэглэлийн хамгийн том түшиц газар болох Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг засгийн газрын хүчнийхэн мөн явуулна гэж Иракийн Ерөнхий сайд Аль-Абади мэдэгдлээ.

Фаллужа хотыг алдсанаар босогчдын Ирак дахь нөлөө эрс буурна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ