Монгол судлалын сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Санкт-Петербург хотноо болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-04-27 21:36:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербург хот дахь бичмэл болон архивын цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 5 дугаар хурал Санкт-Петербург хотноо энэ сарын 19-20-нд болов.


Тус хурлыг Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монголын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны хороо байгуулагдсаны 100 жил, Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нэгдсэн хуралдаанд нь цахимаар оролцож үг хэлэв. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаас тогтоол гаргасан бөгөөд залуу судлаачдыг дэмжих, хамтарсан судалгааг өргөжүүлэх, мөн эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулж дараагийн хурлыг 2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтжээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд биечлэн болон цахимаар нийт 67 судлаач оролцсон байна. Тус хурлын үр дүнгээр "Монголчуудын өв уламжлал" товхимол гаргахаар болжээ.


Холбоотой мэдээ