Ажилчдынхаа ар гэрт тандалт судалгаа хийхийг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэлтэс,
агентлагийн дарга нарын шуурхай хурлыг мягмар гараг бүр цахимаар зохион
байгуулж байна. Өнөөдрийн хурлаар ТҮНТ-д иргэдээс ирүүлсэн санал хүсэлттэй
танилцаж, тэдгээрийн шийдвэрлэлт, коронавирусний халдварын тархалт, цаг үеийн
тулгамдсан асуудлаар ярилцан санал солилцлоо.
Аймгийн Засаг даргын зүгээс байгууллагын
дарга нарт хандан дотооддоо ажил үүргийн зохион байгуулалтыг хийж, албан
хаагчдаа 2-3 баг болгон ээлжээр ажиллуулах, мөн ажилчдынхаа ар гэрт тандалт
судалгааг байнга явуулж, халдварын бүс рүү очсон, бусадтай харилцсан эсэхийг
тодруулж, асуумж авч байх чиглэл өгөв.
Архи, согтууруулах ундаа худалдан
борлуулах, үйлчлэхийг хориглосон шийдвэр хүчинтэй байх энэ хугацаанд архидан
согтуурах явдал буурахгүй байгаа тул иргэдийн мэдээллийн мөрөөр
шалгалт зохион байгуулж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан цэгт
хатуу арга хэмжээ авах үүргийг аймгийн Цагдаагийн газарт өглөө.
Мөн үр хүүхдүүддээ анхаарал тавьж, хараа
хяналт дор богино хугацаагаар агаарт гаргадаг байх, өөрийн гэлтгүй бусдын
хүүхдүүд олуулаа гадуур тоглож яваа тохиолдолд шаардлага тавьж, холбогдох
газарт мэдэгдэх зэргийг ажилтан, албан хаагчдадаа хэлж сануулахыг байгууллагын
дарга нарт зөвлөлөө.
Шуурхай хурлаар аймгийн Засаг даргын
орлогчид болон хэлтэс, агентлагийн дарга нар чиг үүргийнхээ дагуу мэдээлэл өгч,
санал хэлж, заавар чиглэл авсан юм. Арвайхээр сумын Засаг даргын зүгээс түлээ
нүүрсний цэгийн тоог нэмж, нөөцийг бүрдүүлсэн, зарим орон сууцны дээврийг
засварлаж, цас, борооны үеэр дусаал гоожихоос сэргийлсэн, орон сууцны цэвэрлэгээг
халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хуваарь гарган зохион байгуулж, хог
хаягдлыг зориулалтын газар зөөвөрлөн устгаж байгаа талаар мэдээлэл өглөө.