Их Британи ОХУ-ын 14 иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-27 09:20:58

ЛОНДОН. /TASS/. Хуульч Сергей Магнитскийн хэрэгт холбогдуулан Оросын 14 иргэнийг Их Британийн олон улсын авлигын эсрэг шинэ хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.


Их Британийн Гадаад хэргийн яамны хориг арга хэмжээний жагсаалтад Татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч дарга Артем Кузнецов, Мөрдөн байцаах газрын мөрдөгч асан Павел Карпов, мөрдөн байцаагч Станислав Гордиевский, Олег Уржумцев, Нийслэлийн татварын албаны дарга Ольга Степанова (түүний нөхөр Владлен Степанов), Елена Химина; хуульч Андрей Павлов, Юлия Майорова; "Гранд-Актив" компанийн ерөнхий захирал Алексей Шешеня; бизнес эрхлэгч Вячеслав Хлебников, Виктор Маркелов; “Универсальный банк сбережений” банкны хамтран эзэмшигчид болох Дмитрий Клюев, Геннадий Плаксин нар багтжээ.


Өмнө нь тэдний заримыг АНУ хориг арга хэмжээний жагсаалтдаа мөн оруулсан байна.


Их Британийн хоригт зааснаар, дээр дурдагдсан хүмүүс "2007 онд хэрэгжүүлсэн татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улсын 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан"-тай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг авсан гэжээ. Түүнчлэн энэ мөнгөний зарим хэсгийг гадаад руу гаргасныг дурдсан байна. 


Жагсаалтад нийт 6 улсын 22 хүний нэр багтжээ. ОХУ-ын иргэдээс гадна Гватемал, Хондурас, Никарагуа, Судан, ӨАБНУ-ын иргэд байсан аж. Хоригт багтсан хүмүүсийн Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хоригложээ.

Холбоотой мэдээ