Японд дадлагажигч илгээх асуудлаар ЭСЯ-наас тайлбар хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-17 19:46:34

Сүүлийн үед Япон улсад дадлагажигч илгээх талаар Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цөөнгүй мэдээлэл гарч буй. Ингэхдээ 10 мянга, 100 мянган дадлагажигч илгээнэ, өндөр цалинтай ажиллуулна хэмээн дурдсантай холбогдуулж Японы Улсын Элчин сайдын яамнаас тайлбар хийв.

Тайлбарт, "Япон улсад гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Ирэх намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа хэдий ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд Японд дадлагажигч илгээх сонирхол бүхий улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж гэрээ хэлэлцээр байгуулах ажил хийх бөгөөд үүний дараа л тодорхой тоо, чиглэл, нөхцөл болзлын тухай ярих учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна.

Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичиг нь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм. Санамж бичгийн англи хэлээр үйлдэгдсэн эх хувийг Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны http://www.mhlw.go.jp/file/04-Houdouhappyou-10501000-Daijinkanboukokusaika-Kokusaika/0000045844_4.pdf линкээр үзэж болно.

Япон улсын Засгийн газрын зүгээс Монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой алхамуудыг хийх болно. Дээр дурдсан дадлагажигч гаргах асуудал ч үүнд хамаарч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн элдэв ташаа мэдээлэлд авталгүй, асуудал шийдэгдэн тодорхой болтол аливаа яарсан алхам хийхгүй байх нь зүйтэй болов уу" гэжээ.

 

Холбоотой мэдээ