Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-04-25 18:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр өнөө шөнө цасан шуурга шуурна. Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 


Маргааш Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Өнөө маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.


4 дүгээр сарын 25-ны 20.00 цагаас 26-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, цас орж, цасан шуурга шуурна.


Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Байдраг, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, шөнөдөө цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

Энэ сарын 27, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын сав газраар бороо, цас орж, цасан шуурга шуурна. Харин энэ сарын 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна. 


Холбоотой мэдээ