Байгаль орчинд халтай нэр дэвшигчдийг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-06-17 14:50:49

Монголын гол мөрөн хамгаалах хөдөлгөөний тэргүүнүүд өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэр байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулдаг нэр дэвшигчдийг зарлав.

Хэвлэлийн бага хурлыг “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Монголын гол нурууд” хөдөлгөөний тэргүүн Д.Ганболд, “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж, Байгаль хамгаалах “Салхин сондор” хөдөлгөөний тэргүүн Д.Түдэвдорж нар хийв.

Тэд энэ үеэр, "31 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, 71 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Гарамжав, 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Ч.Улаан, 15 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг УИХ-ын сонгуульд сонгохгүй байхыг уриаллаа. Дээрх нэр дэвшигчдээс гадна давхардсан тоогоор нийт 60 гаруй нэр дэвшигчийг аль нэг шатны сонгуульд сонгохгүй байхыг уриалав. Учир нь эдгээр нэр дэвшигчид нь манай орны томоохон гол мөрөн, уул усыг сүйтгэсэн, одоо улс орныг минь сүйтгэх нь гэж байв.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Гарамжав нь “Монполимет” ХХК-тай, уг компани нь Туул голыг сүйтгэсэн бол 15 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаяр нь  “Монгол Алт” компаниа далдуур дэмждэг. Тэрбээр парламентад суух хугацаандаа уул уурхайн компаниудад ашигтай байдлаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан" гэв.

Монголын гол мөрөн хамгаалах хөдөлгөөнийхөн энэ үеэр сонгуульд сонгохгүй байх хүмүүсийн зургийг нийтэлж авчирсанаа сэтгүүлчдэд үзүүлэв.

 

Н.Отгончимэг

Холбоотой мэдээ