Арвайхээр суманд гурав хоногийн "тэг зогсолт" зарлалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-23 16:07:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээрт халдварын шинэ голомт үүссэнтэй холбодуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн төвд гурав хоногийн "тэг зогсолт" зарлалаа.

Шинэ голомтоос үүдэлтэй халдварын эх үүсвэрийг тогтоох, ойрын болон дам хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамруулах, халдварын хүрээг хумихын тулд Арвайхээр суманд 4 дүгээр сарын 23-ны 06.00 цагаас эхлэн 4 дүгээр сарын 25-ны 22.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байна.

Энэ хугацаанд хүнсний дэлгүүрүүд, эмийн сангийн хүргэлтээр үйлчлэх хуваарийг гаргаж, олон нийтэд танилцуулаад байна. Ус түгээх цэг ажиллах ба гэр бүлээс зөвхөн нэг иргэн ус авахыг санууллаа. Халдвартэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр сумдаас эмч, мэргэжилтнүүдийг дайчлан ажиллуулахаар төлөвлөж байна.

Мөн хөл хорио тогтоосонтой холбогдуулан Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 140 хяналтын камераар иргэдийн хөдөлгөөнийг хянаж, дэглэм зөрчсөн иргэдийн байршлыг Цагдаагийн газарт мэдэгдэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Арвайхээр сумаар дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 7 цэгт 20 камераар хянан, зогсолт хийлгэхгүйгээр нэвтрүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ