Монгол Улсын 30 иргэнийг Эрээн хотын автозамын боомтоор нутаг буцаав
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д оршин сууж байсан, эх орондоо очих хүсэлт гаргасан Монгол Улсын 30 иргэнийг энэ сарын 21-ний өдөр Эрээн хотын авто замын боомтоор нутаг буцаах ажлыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн хотод суугаа Консулын газар, Эрээн хотын Ардын Засгийн газар, Замын-Үүд сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд тус улсад ажиллаж амьдарч, суралцдаг Монгол Улсын 6700 гаруй иргэнийг Эрээн-Замын-Үүд боомтоор нутаг буцаажээ.
Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг хүндрэл бэрхшээлгүйгээр тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгаа хэдий ч хүсэлт гаргасан зарим иргэд хүсэлтээсээ буцах, товлосон хугацаанд хилээр гарахгүй байх зэргээр хоёр орны холбогдох байгууллагын ажилд хүндрэл учруулах тохиолдлууд гардаг байна.