В.Путин жил тутмын илгээлтээ өнөөдөр тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-21 14:22:40

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр 17 дахь удаагаа Холбооны хурал буюу парламентдаа хандаж үг хэлнэ.


Энэ удаагийн илтгэлээ тэрбээр Москва хотын үзэсгэлэнгийн гол танхим болох “Манеж”-д тавих юм. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч нарын 2000 оноос хойш тавьсан илгээлтүүдийн үргэлжилсэн хугацаа, текстийн хэмжээ, үгийн давтамж болон бусад статистик үзүүлэлтийг танилцуулж байна.


Үргэлжилсэн хугацаа

2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хамгийн удаан буюу 1 цаг 55 минут үг хэлжээ. Харин 2004, 2005 онд тавьсан илгээлтүүд 48 минут үргэлжилсэн байна. В.Путиний хэлсэн үг дунджаар 1 цаг 7 минут, харин Д.Медведевийнх 1 цаг 20 минут үргэлжилжээ.


Текстийн хэмжээ

В.Путиний 2018 онд тавьсан илгээлтийн текст хамгийн том хэмжээтэй нь ажээ. Уг текст 11428 үгтэй байсан байна. 2000 онд парламентад тавьсан түүний анхны илгээлт хамгийн цөөхөн буюу 5146 үгтэй байжээ. В.Путиний илгээлт дэх үгсийн дундаж тоо 7134, Д.Медведевийнх 7888 байна.


Зочдын тоо

Уламжлал ёсоор уг ёслолд уригдсан зочдын тоо 1000 орчим байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн Думын сенат, депутатууд, Засгийн газрын гишүүд, ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгчид, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Төрийн зөвлөлийн гишүүд, Олон нийтийн танхимын гишүүд,  бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүн нар, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид уригдан оролцож сонсдог. 2000 онд ёслолд 980 орчим хүн оролцсон бол 2019 онд уригдсан зочдын тоо 1000 давсан бөгөөд тэдний 761 нь сэтгүүлчид байжээ. 2020 онд 1300 орчим хүн оролцсон байна.


Өгсөн үүрэг даалгаврын тоо

2005 онд Оросын удирдагч Холбооны хуралд үг хэлснийхээ дараа Ерөнхийлөгчийн илгээлтийг хэрэгжүүлэх талаар ОХУ-ын Засгийн газарт өгсөн 15 үүрэг даалгаврын жагсаалтыг анх удаа нийтэлжээ. Дараагийн хоёр жилд нь илгээлтийг хэрэгжүүлэх захирамжийг Оросын Засгийн газар нийтэлсэн байна. Харин 2008 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Засгийн газартаа тогтмол үүрэг чиглэл өгсөөр иржээ. Хамгийн олон буюу 57 үүрэг даалгаврыг 2013 онд өгсөн бол 2008, 2018 онд хамгийн цөөхөн буюу тус тус долоон үүрэг өгчээ. 2020 онд илгээлт тавьсныхаа дараа В.Путин 38 үүрэг чиглэл өгсөн байна.


Гол үгнүүд

ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтүүдэд хамгийн их дурдагддаг үгсийн нэг бол "улс" юм. Энэ үгийг В.Путин 2000 онд анхны илгээлтээ тавихдаа 97 удаа хэлсэн байна. Харин  2016 онд хамгийн цөөн буюу 8 удаа дурджээ. Ерөнхийлөгч "Орос" гэдэг үгийг 2018 онд хамгийн олон удаа (107 удаа) хэлж байжээ. Энэ үг 2010 онд Дмитрий Медведевийн илтгэлд хамгийн цөөн (33) дурдагдсан байна.


"Ардчилал" гэсэн нэр томьёог Д.Медведев 2008 онд /26/, В.Путин 2005 онд /23/ хамгийн олон удаа хэрэглэсэн бол В.Путиний 2015, 2019, 2020 онд хэлсэн үгэнд нэг ч удаа дурдагдаагүй байна. 


2003 онд эдийн засгийн асуудлуудад хамгийн их анхаарал хандуулсан бөгөөд “эдийн засаг” гэдэг үг түүний илгээлтэд 61 удаа давтагджээ. 2015 онд В.Путин энэ үгийг хамгийн бага буюу 22 удаа ашигласан байна. Харин “хямрал” гэдэг үг Д.Медведевийн илгээлтэд ихэвчлэн дурдагдсан бөгөөд 2008 онд тэрбээр энэ үгийг 17 удаа хэлжээ. 2005, 2006, 2014, 2015 болон 2019 оны илгээлтэд энэ үг нэг ч дурдагдаагүй байна.


“Аюулгүй байдал” гэдэг үгийг В.Путин 2018 онд хамгийн олон буюу 11 удаа хэлжээ. Энэ үгийг Д.Медведев 2008, 2009 онд 10 удаа хэрэглэсэн байна. Харин В.Путиний 2000, 2015 оны илгээлтүүдэд ердөө хоёрхон удаа дурдагджээ.


В.Путин 2005 онд “шударга ёс” гэдэг үгийг хамгийн олон буюу 17 удаа хэлсэн бол Д.Медведевийн 2008 оны илгээлтэд энэ үг 12 удаа сонсогджээ. 2002, 2003 онуудад энэ үгийг нэг ч удаа хэлээгүй байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн илгээлт хамгийн чухал илтгэлүүдийн нэг болно гэж ажиглагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ