Д.Ганзориг: Зэвсэгт хүчнийг улстөржүүлэхгүй байх нь үндэсний аюулгүй байдалд нийцнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-20 15:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний салбарыг улстөржилтөөс ангид байлгах шаардлагатай байгааг Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга Д.Ганзориг өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хуулийн зохицуулалттай. Энэ салбарыг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээлэл цацах нь хууль зөрчиж буй үйлдэл бөгөөд зэвсэгт хүчинд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бууруулж, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, гадны улсын өгөөш болгох нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Зэвсэгт хүчнийг улс төрийн үйл ажиллагаанд татан оруулснаар иргэний дайн дэгдэж, улсаа мөхөөсөн түүх олон улсад бий. Энэхүү гашуун түүх манай оронд битгий тохиолдоосой. 2021 оны дөрөвдүээр сарын 6-нд зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэргийг УИХ-ын Ёсзүйн хороогоор авч хэлэлцсэн. Батлан хамгаалах хүчин чадалтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх нь төрийн болон албаны нууцыг алдагдуулахад хүргэнэ. Тиймээс зэвсэгт хүчний үйл ажиллагааг улстөржүүлэхгүй байх нь улс үндэстний аюулгүй байдалд нийцнэ гэдгийг илэрхийлье” гэлээ.


Мөн тэрбээр, өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын ажилтай танилцсан. Энэ үеэр Цэргийн албыг сайжруулах асуудлаар, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэх, Цэргийн нэгдсэн холбооны ажлын талаар ярилцсан гэдгийг онцлов. Улмаар МАН-аас өчигдөр мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийн ЗХЖШ дээр ирсэн асуудлыг улс төрийн өнгө аястай болгож ярьсныг албан ёсоор няцааж байна гэсэн юм.


Түүнчлэн зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэгт цаг ямагт манлайлсаар ирсэн гэдгийг онцлов. Тэрбээр, “Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол цэргүүд Энхийг дэмжих ажиллагаанд оролцож, олон улсын тавцанд улс орныхоо нэр хүндийг өргөж байна. Сүүлийн жилүүдэд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний оролцоог нэмж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн 17.5 км хатуу хучилттай автозам, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын доод бүтцийн ажлыг хийж байна. Дэлхийг хамарсан цар тахлаас манай улс ангид байж чадаагүй. Өнөөдрийн байдлаар зэвсэгт хүчний 225 цэргийн албан хаагч цар тахалтай тэмцэх ажилд оролцож байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн хамт олон коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчилж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ