Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан эмгэнэл илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусний халдварын улмаас нас барсан иргэдийн ар гэрийнхэнд өнөөдөр гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр, “Цаг үеийн нөхцөл байдал амаргүй, халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэр хэрээр хүндэрч, амиа алдаж байгаа иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Монголчууд бид цөөхөн. Цаашид нэг ч иргэнээ алдмааргүй байна. Энэ өвчин хэнийг ч тойрохгүй. Ямар ч байдлаар хэнд ч халдаж, хэний ч амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна гэдгийг энэ цаг үе бидэнд харуулж байна. Тийм учраас иргэн Та гэрээсээ гарахгүй байж, нийт ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, шийдвэрийг дэмжиж, өндөр хариуцлагатай байхыг хичээнгүйлэн хүсье. Энэ сарын 25-наас вакцинжуулалтаа идэвхжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК, төрийн байгууллагууд цаашид ч шаардлагатай бүхий л ажлыг хэрэгжүүлэх болно. Амаргүй энэ цаг үед монголчууд эв нэгдлээрээ, харилцан ойлголцлоороо, хамтын ажиллагаагаараа цар тахлыг даван туулж, энх цагийг хамтдаа авч ирэх болно” гэв.