Гурван хувийн зээлд 557.8 тэрбум төгрөг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-19 17:52:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар хүн амын эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх бодлого баримтлан "10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 557.8 тэрбум төгрөгийг 7963 зээлдэгчид олгоод буйг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр мэдээллээ. 

Монголбанкны өөрийн эх үүсвэрээр олгож буй репо санхүүжилтээр 4 дүгээр сарын 16-ны байдлаар 258.1 тэрбум төгрөгийг 1597 зээлдэгчид гарган олгожээ. Үүнээс нийслэлд 197.4 тэрбум төгрөгийг 1013 зээлдэгч авсан бол аймаг, орон нутагт 60.7 тэрбум төгрөгийг 584 зээлдэгчид олгоод байна. Эдгээр нь 14.454 ажлын байрыг хадгалан авч үлдэж буйг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа мэдээллээ. Репо санхүүжилтийн зээлийг  нийт 516.3 тэрбум төгрөгийг 2324 зээлдэгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ, ажлын байрыг дэмжих зээлийн судалгаагаар энэ зээлд өрхийн, бичил бизнес эрхлэгч нар түлхүү буюу ААН-үүдээс 3-4 дахин их тоотой хамрагдаж буйг онцлов. Зээлийн зарцуулалтыг салбараар авч үзвэл 85 хувь нь худалдаа, үйлчилгээнийхэнд оногдож байна. Тиймээс дараагийн ээлжинд хөнгөлөлттэй зээлд үйлдвэрлэлийг түлхүү хамруулахад анхаарах шаардлага гарч буйг хэллээ. 

Бизнес эрхлэгчид болон ААН-үүдээс зээл олголттой холбоотойгоор ирж буй санал хүсэлтийн дийлэнх нь арилжааны банкуудаас тавьж буй шалгуурыг багасгах тухай байгааг хэлж, энэ талаар зээл олгож буй арилжааны банкуудтай ярилцаж буйг дуулгалаа. Тэрээр ирэх 7 хоногоос ХАА-н салбарыг дэмжсэн, тодруулбал, газар тариаланд олгох 100 тэрбум төгрөгийн, ноос, ноолуур бэлтгэлд зориулсан 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас гаргаж олгоод явна гэдгийг мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ