Халдвартай иргэний хавьтал болсныг мэдээлэх систем хэрэглээнд нэвтэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-19 10:37:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон тухай сэрэмжлүүлэх "COVID-19  ERSDEL" системийг өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ.


Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсэж байгаа аж.  Энэ системийг гар утсандаа суулган "bluetooth"-ээ  асааж  ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм. Тус системийн онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдад дамжуулахгүй гэдгээрээ онцлогтой юм.


Apple, Google компанийн хамтран хөгжүүлсэн технологийг авч Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлсэн уг системийг ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой бөгөөд ямар ч нэгж, дата ашиглахгүй гэдгээрээ давуу талтай. 


"COVID-19  ERSDEL" системийг ашиглахын тулд iPhone гар утасны хэрэглэгч бол тусгайлан программ татахгүй, Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессежийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч,  Bluetooth- ээ байнга асаалттай байлгаснаар, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой юм. 


Андройд үйлдлийн систем дээр ашиглах заавар: 


IOS үйлдлийн систем дээр ашиглах заавар:


Ажиллах зарчим:

1. Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ хоёр метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог. 

2. Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-ээс мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай мэдээлэл /Notification/ очдог. 

3. Мэдээлэл авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг. 

Өөрөөр хэлбэл, иргэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм.

Холбоотой мэдээ