Оны эхний гурван сард 321 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-15 12:08:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2021 оны эхний гурван сарын байдлаар 321 эх амаржиж, 322 хүүхэд төржээ. 


Оны эхний гурван сард 321 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20 тохиолдлоор буурсан байна. Нийт төрөлтийн 90.7 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төржээ. Нэгдсэн эмнэлэгт 185 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс дөрвөн тохиолдлоор буурсан ба энэ нь Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 63.6 хувийг эзэлж байгаа ажээ. Түүнчлэн оны эхний гурван сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 304 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 92.8 хувь нь эхний 3 сартайд, 6.6 хувь нь 4-6 сартайд, 0.7 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажилласан тухай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Сонирхуулахад, 2021 оны эхний гурван сарын байдлаар аймгийн хэмжээнд 322 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 19 хүүхдээр буюу 5.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 184 буюу 57.1 хувь нь хүү, 138 буюу 42.9 хувь нь охин байгаа бөгөөд тэдний 4.7 хувь нь бага буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн аж.


Холбоотой мэдээ