12 иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-13 16:31:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт нийт 423 сорьцод PCR шинжилгээ хийхэд зургаан иргэний хариу эерэг гарч нийт батлагдсан тохиолдол 168 боллоо.

Шинээр батлагдсан зургаан тохиолдлын хоёр нь Хонгор сум болон Ширээ нуруунд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гурав нь Шарын гол сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ажээ. Харин үлдсэн нэг тохиолдол нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт халдварын 13 голомт байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Эмчлэн тусгаарлах байрнаас 12 иргэн эдгэрч өнөөдрөөс гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өссөн дүнгээр 124 хүн эмчлүүлсэн бол одоо эмчлүүлж буй 33 иргэний 28 нь том хүн, тав нь хүүхэд байна. Нэг хүний биеийн байдал хүнд, хоёр иргэн хүндэвтэр, бусад иргэний биеийн байдал хөнгөн бөгөөд Улаанбаатар хотын ХӨСҮТ-д эмчлүүлж буй жирэмсэн эмэгтэйн биеийн байдал сайжирсан талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн Онцгой комиссын хурлаас Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумыг нийт 80 тн мах бэлтгэн махны худалдааг нэмэгдүүлэх үүрэг өгөв. Мөн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдийг QR код уншуулж үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, үүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавина. Зарим иргэд аль нэг газраар үйлчлүүлэхдээ хамт яваа нэг нь уншуулаад нөгөө нь уншуулахгүй байх зэрэг зөрчлүүд гарч байна. Тиймээс үйлчлүүлэгчийг заавал QR код уншуулах, халууныг нь үзэх, гар ариутгахыг сайжруулахыг анхаарууллаа. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудын нийт ажилтнууд “ГЭР-АЖИЛ-ГЭР” маршрутаар ажиллана. Ажиллаж буй хүн бүрийг өдөр бүрийнхээ зорчих хөдөлгөөнийг тэмдэглэж байхыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ