Таван чиглэлээр ажлын баг гарч хяналт тавьж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-13 15:23:02

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд таван ажлын баг гарч, коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулалтад орж ажиллаж байна. Ажлын багууд Улаанбаатар хотоос ирж буй ачаа тээвэр, зорчигчдод хяналт тавьж байгаа юм.

Тухайлбал, карго, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын материалын тээвэр хариуцсан, хүнсний тээвэр, мал, өвс тэжээлийн тээвэр, уул уурхай, сэлбэг хэрэгсэл, цахилгаан барааны тээвэр, буяны ажилд хяналт тавих ажлын багуудыг байгуулжээ.

Ажлын багууд өөрсдийн чиглэлээр нэвтэрч байгаа автомашины ариутгал халдаргүйтгэл, постоор нэвтрэх, нэгдсэн цэгт ачаа буулгах үйл явц, жолоочийг тусгайлан бэлтгэсэн тусгаарлагдах байранд хүргэх, эсвэл шууд буцах хүртэл хяналт тавих зэргээр ажиллаж байгаа нь иргэдэд хүндрэл бага үүсгэх, удаан хүлээлгэхгүй байх, эмх цэгцтэй ажиллахад дөхөм болж байна гэж Шуурхай штабаас мэдээлэв.

Холбоотой мэдээ