Эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хомсдох эрсдэл үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-08 12:12:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын нөхцөл байдлыг сарын өмнөх үеийнхтэй харьцуулахад, хүндэвтэр өвчтөн 5.4 дахин, хүнд өвчтөн 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгджээ.


Хөнгөн 30 тохиолдолд нэг баг орж ажилладаг бол хүнд тохиолдолд гурван өвчтөнд тухайн баг, нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэгцээтэй болно. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хомсдох эрсдэл үүсэж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр мэдээллээ.


Тэрбээр, “Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг хамаг нөөцөө шавхан ажиллаж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд бусад эмнэлэгт батлагдсан тохиолдлуудыг эмчилж байгаа. Эмнэлгийн ажилтнууд өнөөдөр туйлдаж байна. Хүний нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд хамгийн эрсдэлтэй үедээ явж байна. Иргэд ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа, 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, таргалалт, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс хүндрэх магадлалтай. Тиймээс энэхүү эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн салбарынханд хүргэж буй хамгийн том тус юм" гэв.


Улсын хэмжээнд 25 600 орчим эмнэлгийн ортой бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж буй энэ үед бүх ор, хүний нөөцийг зөвхөн COVID-19”-ийн тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй гэдгийг тэрбээр тодотгосон юм.



Холбоотой мэдээ