С.Бямбацогт: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилж чөлөөлөхөд хууль зөрчөөгүй

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-08 12:18:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав. 


Хуралдаанд, Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав. Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүн нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ, тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 8.7-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” нь зөвхөн Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Энэ хүрээнд ЕТГ-аас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон Ж.Эрдэнэбулганыг бүрэн эрхийн хугацаа нь нэгэн адил дууссан Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосон талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн. Тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлсэн болохыг Ө.Шижир дарга танилцуулав.


Цэцийн гишүүнийг чөлөөлүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэсэн маш тодорхой хуулийн заалтыг зөрчиж, Улсын дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй, түүнчлэн Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн төрийн ажлын үндсэн зарчимд огт нийцэхгүй байна гэж хоригт дурджээ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 6-ны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул энэ сарын 7-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэж хүлээн авахаас татгалзсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. 


УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог албан үүргээс нь чөлөөлөхдөө УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, УДШ-ийн саналаар томилсон ч чөлөөлөх асуудлаар Байнгын хороо санал, дүгнэлт гаргаагүй зэргээр хууль зөрчсөнийг зарлуулах шаардлагатайг тэмдэглэв. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, М.Оюунчимэг, Н.Алтанхуяг нарын гишүүн асуулт асуухын зэрэгцээ байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тогтоол гаргаагүй асуудлыг тодруулав.  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Үндсэн хуулийн цэц гуравдугаар сарын 19-нөөс хойш Бага суудлын хуралдаанаа хийж шийдвэрээ гаргахгүй байгааг тодотгож, сүүлийн 30 жилд ийм асуудал гарч байгаагүй гэв. Үндсэн хууль биелүүлэх зарчим алдагдаж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд, эрх баригчид Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд халдах мэдэгдэл хийж байгааг ёс зүйн хувьд ухамсарлах ёстойг сануулав. 


УИХ-аас тодорхой албан тушаалтныг томилж буй шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих нь оновчтой эсэх дээр тал бүрдээ тунгаах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлж байв. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Гэтэл Ерөнхийлөгч ийм байдлаар буюу өөрийн санал болгохоос бусад зургаан гишүүний томилгооны шийдвэрт хориг тавих хэлбэрээр оролцох юм бол Үндсэн хуулийн цэцийн ажилд нөлөө тогтоох гэж байна гэсэн эрх зүйн гаргалгаа хийж болохоор байна хэмээн тэрбээр хэлсэн. Төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулахуйц нөхцөл үүсгэж болохгүй гэж үзэж байгаагаа Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлээд холбогдох тайлбарыг өгсөн.


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, 2018 онд Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хороо хэлэлцсэн. Ингэхдээ, оронд нь чөлөөлөх гишүүдийн асуудлыг хэлэлцээгүй гэсэн жишээ татав. Энэ жишгийн дагуу Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцсэн гэдгийг тайлбарлав. Төрийн албаны тухай хууль Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасны дагуу 65 насны дээд хязгаарт хүрсэн учраас Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хөндсөн гэж хариулав.  Тэрбээр, Чөлөөлөх, томилох асуудлыг нэг бүрчлэн яриад, чуулганы хуралдаан дээр томилох нь дэмжигдэхгүй, чөлөөлөх нь дэмжигдэх юм бол орон гарах асуудал үүснэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хангах үүднээс Цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн тохиолдолд чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хамт шийдвэрлэдэг дэгтэйг тайлбарлалаа.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа төрийн институцийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгосныг дурдаад, үүссэн маргааныг тодорхой тайлбарлахыг хүслээ. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Томилгооны хугацаа нь дуусаад 1.4 жил болсон дээрх гишүүдийг чөлөөлөх, орны томилгоог хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд УИХ байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Улсын дээд шүүхэд үүнтэй холбоотой шаардлагыг тогтмол хүргүүлсээр байсныг дурдав. Хууль заасны дагуу ҮХЦ-ийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурвыг нь УДШ, мөн гурвыг УИХ томилдог бөгөөд УДШ бүрэн эрхийнхээ хүрээнд томилгооны хугацаа дууссан хоёр гишүүнийхээ оронд томилох хүнийг санал болгосон хэмээн тайлбарлаад, хууль зөрчсөн асуудал байхгүйг тэмдэглэв. 


Цар тахлын улмаас УИХ-ын гишүүд таван танхимд хуваагдан хуралдаан биечлэн оролцож байгаа юм. УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтсээс таван танхимаас төхөөрөмжөөр санал хураах боломжгүй тайлбар өгсөн тул гар өргөж санал хураах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасныг гишүүдийн олонх дэмжив.


Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь буюу 82.8 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн Байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 

Холбоотой мэдээ