Өндөрхаан хайрхны шүтээн овооны тахилын ширээг засварлаж, хог хаягдлыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-08 09:36:31
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн албан хаагчид Өндөрхаан хайрхны тахилын ширээг сэргээн засварлаж, ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна.
Хайрхны шүтээн овоог хамгийн сүүлд 2015 онд "Өндөрхаан уулын хишиг" ТББ-аас өөрчлөн засаж, найман тахил, гуутай бурхан, ганжир залсан бол нутгийн иргэд гуутай бурхан, ганжирыг авч Хар сүлд залсан байдаг.
Тухайн үед тус байгууллагаас хайрхны бэлээс орой руу өгсөх шат барих, орой дээр нь сүүдрэвч хийх зураг төсөл гаргаж ажлаа эхлүүлэх гэсэн боловч Шадавдаржаалин, Гүндүгаварлин хийдийн лам нар, нутгийн ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хэрэгжүүлж чадаагүй юм.
Энэ нь уул хайрхнаа онгон дагшнаар авч үлдэх, байгалийн төрхөөр нь хайрлах, уул хайрхан, лусын эзнээ хилэгнүүлэхгүй байх монголчуудын ёс заншил, зан үйлтэй холбоотой аж.
Холбоотой мэдээ