Хятад улсад цахим гэмт хэрэг 48 хувиар нэмэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-07 17:59:35

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ардын дээд прокурорын байгууллагын статистик мэдээллээр, өнгөрсөн онд тус байгууллага цахим гэмт хэргийн 142 мянган гомдол хүлээн авсан бөгөөд энэ нь өмнөх оныхоосоо 48 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.


Эдгээр нь интернэт болон цахилгаан холбооны хэрэгсэл ашиглан үйлдсэн гэмт хэрэг болон эдгээртэй холбоотой зөрчлүүд юм.

Хятадын Ардын дээд прокурорын байгууллагын мэдээлж буйгаар, уламжлалт гэмт хэрэг маш хурдацтай цахим орчин руу шилжиж, тархсаар байна. Ялангуяа, цахим залилан болон мөрийтэй тоглоом гэх хэргүүд асар хурдацтай нэмэгдэж байгаа буюу өнгөрсөн оны нийт цахим гэмт хэргийн 65 орчим хувийг дээрх гэмт хэргүүд эзлэв.

Статистикаас харахад, цахим залилангийн 25 орчим хувь нь хувь хүний мэдээллийг цуглуулж олж авсны дараа тухайн хүн рүү чиглэж, нарийвчлан төлөвлөсөн гэмт хэргүүд байгаа юм.

Түүнээс гадна цахим гэмт хэрэгт бүлэглэсэн, хил дамнасан шинжүүд улам бүр нэмэгдэж байгаа ба гэмт хэрэг үйлдэж буй субьектын хувьд нас, боловсрол, орлого багатай байх байдал түлхүү ажиглагдаж байна.              

Холбоотой мэдээ