"Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-04-07 14:00:53
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Даланзадгад хотын агаарын бохирдлын 34 хувийг гэр хорооллын 5943 айл өрхийн зуух, 82 орчим аж ахуйн нэгжийн зуух, 65 хувийг ДзДЦС, үлдсэн хувийг автомашин, ил задгай хог хаягдлаас ялгаруулж байна гэсэн судалгаа байдаг байна. Сүүлийн жилүүдэд суурин газрын хүн амын төвлөрөл, автомашины тоо өсөх, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн олборлолт, түүнтэй холбоотой дэд бүтэц нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин ихэсч байна.
Тиймээс 2020-2024 онд "Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг үе шаттайгаар, бусад хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ. Тухайлбал дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих, 2 тарифт тоолууртай айл өрхийн тоог нэмэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, орон сууцжуулах ажлыг хийх аж. Мөн бүс нутгийн цөлжилтийг бууруулах, ногоон төгөл байгуулахад дэмжих, гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, үйлдвэрийг уул уурхай түшиглэн байгуулах гэх зэргээр агаарын бохирдлыг бууруулах олон ажил хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ