“Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрийн технологийн зургийг шинээр боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 10:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгино дахь “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлийг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд төслийг шуурхай эхлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг тус компанийн ажилтай танилцлаа.


Шинэ үйлдвэрийн барилгын концепци, технологийн схем боловсруулахад шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь бүрдүүлж өгчээ. Одоогоор барилгын эскиз зураг, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээг тохирч, нарийвчилсан зураг төслийг эхлүүлэн, үйлдвэрийн технологийн концепци зургийг шинээр боловсруулж байна.


Монгол улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр” хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийн хүрээнд 2020 оны сүүлээр барилгыг буулгаж эхэлсэн нь энэ оны нэгдүгээр сард дуусжээ.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр, манай улс сүүлийн 3 жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19,7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32,3 сая/тун, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23,6 сая/тун импортоор авч, нийт 7,5 сая ам. доллар зарцуулжээ.


Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр барьснаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэн, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин жилд дунджаар 10 сая тун, мялзангаас сэргийлэхийг 10-15 сая тун, цэцэг өвчнөөс сэргийлэх 20 сая тун вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.


Түүнчлэн, мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт дээшилснээр нийгмийн халдварт өвчний эрсдэл, хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул багасаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг эерэг үр дүн гарах юм.


Төслийн хүрээнд био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилга шинээр барьж, өндөр хүчин чадалтай, орчин үеийн нарийвчлал бүхий лабораторийн тоног төхөөрөмж суурилуулна. Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сүлжээг өргөтгөн, шинэ үйлдвэр, технологи, тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулалтыг хэрэгжүүлэх аж. 

Холбоотой мэдээ