Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-06 15:45:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөл (ГХУСАЗЗ) хамтран “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хоёр сарын аяныг зарлалаа.

Энэхүү аяны үйл ажиллагаа энэ сарын нэгнээс зургадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд хамтарсан багийн гишүүд таван баг болж, багийн гишүүдийн хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах зорилгын дор нэгдэн ажиллах ажээ.  

Энэ хугацаанд багууд үйл ажиллагаагаа сурталчлах, эцэг эх, асран хамгаалагчдад сургалт зохион байгуулах, хүүхдийн цахим хэрэглээг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдийн эрхийн өдрүүдийг сурталчлан өргөн хүрээнд тэмдэглэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэ сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр”, мөн сарын 31-нд “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах Олон улсын өдөр”, тавдугаар сарын 17-нд “Хүүхдийн тусламжийн утасны Олон улсын өдөр”, зургадугаар сарын нэгэнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, мөн сарын 12-нд “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах олон улсын өдөр” тус тус тохиож байгаа ажээ.

Мөн Сайнцагаан сумын 9 багийн нутаг дэвсгэрт болон байгууллагуудын орчинд хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэр бүл, хүүхдийн судалгаа, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдийн судалгаа, архины хамааралтай гэр бүл, иргэдийн судалгааг тус тус гарган хяналт тавьж ажиллах, хөршийн харилцааг сайжруулах олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгасан байна.

Аяны хугацаанд хамгийн санаачилгатай ажиллаж, үр дүнд хүрсэн гурван багийг шалгаруулан 80,000-аас 120,000 хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулах ажээ. 

Холбоотой мэдээ