Хязгаарлалт тогтоох хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-05 22:58:59

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул хязгаарлалт тогтоох тухай захирамж, шийдвэрийн хэрэгжих хугацааг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэй хуралдав. Хурлын хүрээнд зургаан асуудал хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган зохих шийдвэрийг гаргалаа. 

Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 78 болоод байна.

Эдгээр иргэдийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт зөөвөрлөн эмчилж байна.

Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, нэг нь маш хүнд ангилалд орж болзошгүй байна. Шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа гэж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс мэдээллээ.

Халдвар авсан тохиолдлууд бүгд ойрын хавьтал болсон иргэнээс илэрч байна.

Тагнуулын байгууллагаас халдвар авсан хүн бүрээс асуумж авч, шалгасны үр дүнд Жаргалант сумын 62 айлын орон сууцанд байрлах эмийн сан, 72 айлын орон сууц, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Мөнгөн морьт” эмнэлэг  нь халдварын голомтын “улаан” бүсэд багтаж байна. Мөн 14 дүгээр цэцэрлэг, Прогресс болон нэг, зургаадугаар сургууль халдварын голомтын “шар” бүсэд багтаж байгаа аж.

Халдвар авсан иргэд асуумж, явсан маршрутаа үнэн зөв, шуурхай өгвөл халдварыг богино хугацаанд хумихад чухал үүрэгтэй.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 854 хүн халдвар авсан иргэдийн нэгдүгээр хавьтлаар бүртгэгдээд байна.

Урьдчилсан байдлаар халдварын голомтыг тогтоосон ч өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж болзошгүй. Иймээс цаашид түргэвчилсэн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцлөх, ор дэлгэх, боловсон хүчний нөөцийн судалгаа гаргах асуудалд анхаарч ажиллахаар болов.

Мөн аймгийн Онцгой комиссын хурлын үеэр сургууль, цэцэрлэг, томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гаргаж, хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгав.

Энэ хугацаанд зарим шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр зогсоох ба төрийн байгууллагын албан хаагчдыг дөрөв хоногийн хугацаанд 100 хувь цахимаар ажиллуулах юм.

Мөн сум хооронд болон Жаргалант сумын нутаг дэвсгэрт автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах ба хүнс, малын тэжээл тээвэрлэх асуудлыг ХХААГ-аас хариуцан зохион байгуулах аж. 

Мөн тусгай зөвшөөрлийг эрэмбэлж, хүнс тээвэр болон онцгой чиг үүрэг бүхий 9 байгууллагын автомашиныг саадгүй зорчих боломжоор хангах, зарим төрийн албан хаагчдыг дайчлан гэр хорооллын гудамж, байр, орон сууцны айл өрх, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллуулах, шинээр голомт үүсээгүй, халдварын тохиолдлууд ойрын хавьтлаас илэрч байгаа учраас давтан шинжилгээ хийх, эхний ээлжийн вакциныг татан авч, зорилтот байгууллагын алба хаагчдыг яаралтай дархлаажуулах зэрэг 19 заалт бүхий тогтоол гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Холбоотой мэдээ