Жун Наншань: Хятад улсад дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн хувь маш доогуур байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-01 13:54:55

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын нэрт академич, "COVID-19"-тэй тэмцэх ажлын хэсгийн ахлагч Жун Наншань хэлэхдээ “Хятад улс коронавирусний вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоогоор АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт орж байгаа ч нийт хүн амын тоотой харьцуулахад маш доогуур үзүүлэлттэй байна” гэжээ.

    Мөн тэрээр ард иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг уриалаад, “гадаад улс орнуудад дархлаа тогтохыг хүлээх хэрэггүй ба Хятад улс эсрэгээрээ эрсдэлд орно. Хятад улс дотооддоо халдварыг хяналтдаа сайтар авч байгаа нь дархлаажуулалтад зарцуулах цаг олж авч байгаа хэрэг” гэсэн байна.

    Тэрээр мягмар гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Хятад улсын дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн хувь нийт зорилтот бүлгийн дөнгөж 4 хувь нь байна. Манай улс вакцины үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаатай холбогдуулан 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сар гэхэд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай иргэдийн 40 хувийг дархлаажуулахыг зорьж байна. Вакцинжуулалтад хамрагдаж байж л бид найдвартай хамгаалж чадна” гэв.

            Түүний хэлж буйгаар, Хятад улс үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа өнөөгийн хурдаа хадгалж чадвал энэ оны сүүлч гэхэд 2-3 тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой юм.

            Хятадын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн дарга Гао Фу хэлэхдээ, 2022 оны эхэн үе гэхэд цаашлаад энэ оны сүүлч үе гэхэд Хятад улсад дархлаажуулалтын хувийг 70-80 хувьд хүргэх зорилготой байгаа аж.

            Тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улс орон даяар 110 сая гаруй тун вакцин хийгээд байна.

Холбоотой мэдээ