Батлагдсан тохиолдлын зургаа нь хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-31 16:02:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 300 гаруй иргэнд коронавирусний шинжилгээ хийхэд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр энэ сарын 21-нээс хойш батлагдсан тохиолдол 74 боллоо.

Шинээр батлагдсан халдварын гурав нь Шарын гол сумаас, 13 нь Дархан суманд илэрсэн аж. 14 нь ажиглан тусгаарлах байр болон ойрын хавьтлаас, нэг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэний долоо дахь өдрөө өгсөн шинжилгээнээс, нэг нь Дархан өргөө сургуулийн байранд авч буй түргэвчилсэн оношлуурын шинжилгээнээс буюу Олон худалдааны төвийн лангуу түрээслэгчээс илэрчээ.

Батлагдсан 16 тохиолдлын зургаа нь бага насны хүүхэд аж. Тиймээс хараа хяналтгүйгээр хүүхдүүдээ гадуур явуулах, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг Онцгой комиссоос анхаарууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 30, Хүүхдийн тасагт 37 өвчтөнийг эмчлэн тусгаарлаж байна. Эмчлүүлж буй 67 хүний 1 иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Түүнчлэн эмчлүүлж буй иргэдээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа доголдолтой, хоолны чанар муу гэдэг гомдлыг ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн ЭМГ-аас хяналт шалгалт хийнэ гэв.

Холбоотой мэдээ