Гэр хорооллын худгуудад ус авах зориулалтын хоолой суурилуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-29 21:35:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын гэр хорооллын багийн айл өрхүүдийг төвийн шугамд холбосон ухаалаг худгаар дамжуулан ундны цэвэр усаар хангадаг. "Дархан-Ус суваг" ХК дээрх худгуудад эрүүл ахуйн шаардлага хангасан, ус авахад саадгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн үйлчилгээг жил дараалан шинэчлэн ажиллаж байна. 

Тодруулбал, өмнө нь худгаас ус авахад уян шланк суурилуулдаг байсан нь цоргоноосоо мултрах, газар унагаах, шланк руу шороо хийх, дулааны улиралд шавартай холих зэрэг асуудал тулгардаг байжээ. Тиймээс ундны ус авахад эрүүл ахуйн стандарт зайлшгүй мөрдөх шаардлагатай тул бүх худгийн  цоргыг ган хоолой болгон шинэчлэх ажлыг өнгөрсөн жил хийсэн аж.

Харин иргэдээс ган хоолой нь хэт өндөрт суурилагдсан тул хүүхэд, багачууд болон ахмадууд ус авахад хүндрэлтэй байгаа талаар тухайн байгууллагад санал хүсэлтээ цахим хуудсаар нь дамжуулан уламжилсан байна.  

Иргэдийн илгээсэн санал, хүсэлтийг хүлээн авч ган хоолойд уян хоолой давхар суурилуулах ажлыг “Дархан Ус суваг” ХК-ийн Усан хангамжийн албаны ажилтнууд хийжээ. 

Түүнчлэн иргэд ухаалаг худгаар үйлчлүүлэхдээ өөрийн болон бусдын ундны усны эрүүл ахуйд анхаарах, худгийн тоног төхөөрөмж, хэрэгсэлд гамтай хандахыг уриалж байна.

Холбоотой мэдээ