Ж.Байден анхныхаа хэвлэлийн хурлын үеэр юу ярив?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-29 13:22:37

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены анхны бүрэн хэмжээний хэвлэлийн хурал пүрэв гарагт Цагаан ордонд болсон. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойших хоёр сарын хугацаанд ийм хэмжээнд хэвлэлийн хурал хийгээгүй нь олон сэтгүүлчийг гайхшруулсан юм. Гэсэн ч сэтгүүлчид санааг нь зовоож байсан асуултуудынхаа хариуг авч чаджээ.


Анхныхаа хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Ж.Байден коронавирус, эдийн засгийн нөхцөл байдал, шилжилт суурьшлын талаар ярихын зэрэгцээ дараагийн сонгуульд өрсөлдөх эсэх талаараа ярьжээ. ОХУ-ын тухайд Ж.Байден ганц л зүйлийг дурдсан бол БНХАУ-ыг олон удаа шүүмжилжээ. Эдгээр орнуудын талаар ярьсан зүйлээ тэрбээр дүгнэхдээ “21 дүгээр зуунд ардчилал, автократ орнуудын хооронд тулаан өрнөж байгаа бөгөөд АНУ “ардчилал болж бүтдэг” гэдгийг харуулах хэрэгтэй” гэжээ.


Жо Байдены АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар хийх анхны хэвлэлийн хурлыг сэтгүүлчид удаан хүлээсэн. Өмнөх төрийн тэргүүнүүд болох Дональд ТрампБарак Обама, бага Жорж Буш нар ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойших эхний хоёр сарын хугацаанд багтаж хэвлэлийн хурал хийдэг байсан бол Ж.Байдены хувьд ямар учраас ийнхүү саатсан талаар нь сэтгүүлчид нээлттэй асуужээ. Энэ талаар “FoxNews” телевизийн сэтгүүлч Аарон Рупар хэлэхдээ “энэ бол улс төрийн түүхэн дэх хамгийн том дуулиан шуугиан” гэв.


Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийлөгчийг буруутгасны хариуд “Ж.Байден сэтгүүлчдийн асуултад тогтмол хариулж байгаа” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки шулуухан хэлжээ.


“Тэрбээр цар тахлыг тогтоон барих, иргэдийг үүрэгт ажилд нь эргэн оруулахын тулд өдрөөс өдөрт хичээн ажиллаж байна. Ийм байлгахын тулд л хүмүүс түүнийг сонгосон” гэж Жен Псаки ярьсан байна.


Ж.Байден юун түрүүнд цар тахлын талаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ.  

Ж.Байден бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойших эхний 100 хоногт хамгийн багадаа 100 сая хүнийг дархлаажуулах зорилго тавьснаа хугацаанаас нь өмнө биелүүлсэн гэдгээ хэлэв.


Тавдугаар сар гэхэд 200 сая хүнийг дархлаажуулсан байх нь түүний дараагийн зорилт аж. “Бусад улс оронтой харьцуулбал ийм үр дүнд дөхөж ч очоогүй. Би үүнийг боломжтой гэж үзэж байна” хэмээн Ж.Байден онцлон тэмдэглэв. Үүнээс гадна дунд сургуулиудын дийлэнх нь тавдугаар сар гэхэд нээгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.


Коронавирусний цар тахалтай холбоотойгоор цаашлаад АНУ-ын эдийн засгийг сэргээх асуудал хөндөгдөв. 


“Энэ онд ДНБ 6 хувьд хүрнэ гэж бид найдаж байна. Америкийг аврах төлөвлөгөөг бид баталсан Эдийн засаг өснө гэсэн итгэл найдвар байна” гэсэн таамаглалыг тэрбээр гаргажээ.


АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ явуулсан хүний тоо өнгөрсөн долоо хоногт 100 мянга гаруйгаар буурчээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш анх удаа ийм түвшинд хүрч буурсныг Ж.Байден цохон тэмдэглэв.


Цагаачдын асуудал ололт амжилт багатай ч Ж.Байден хийснээ сайрхав.

“Би сайн хүн байсан. Тийм чигээрээ ч үлдэнэ” гэж Ж.Байден мэдэгдэж, хууль бус цагаачлал нь өөрийнх нь буруу биш гэдгийг итгүүлэхийг оролджээ. Барак Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ энэ асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан ч Бүгд Найрамдахчуудын засаг захиргаа үүнийг нь нураасан гэж Ж.Байден ярив.


“Эрх баригчид 16-17 насны хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн. Харин 18-аас дээш насныхныг буцаана. Бусад ангилалд багтаж буй цагаачдын асуудлаар Мексиктэй яриа хэлэлцээ хийнэ. АНУ-ын хилээр нэвтэрсэн зарим гэр бүл яагаад буцаж явахгүй байна вэ? Учир нь Мексик тэднийг хүлээж авахыг хүсэхгүй байна. Энэ талаар бид Мексикийн Ерөнхийлөгч  Андрес Мануэль Лопес Обрадортой ярилцана. Ингэснээр өөрчлөлт харагдана гэж үзэж байна” хэмээн Цагаан ордны тэргүүн хэлжээ.


Ж.Байден гадаад бодлогын талаар багагүй ярьжээ. АНУ, БНХАУ-ын сөргөлдөөнийг хэлэлцэх үеэрээ тэрбээр Оросын талаар ганц л удаа дурдав.


“Аль нь амжилт олсон бэ? Автократ уу, демократ уу?” гэсэн сэдвээр үр хүүхэд тань докторын зэрэг хамгаална гэдгийг бид урьдчилан хэлж байна. Учир нь өнөө цагт ийм л зүйл газрын зурагт тавигджээ. Хятад төдийгүй дэлхий дахиныг хар. 21 дүгээр зуунд ардчилал, автократын хооронд тулаан өрнөж байгаа нь илэрхий. Ардчилал болж бүтдэг гэдгийг АНУ батлан харуулах хэрэгтэй” Ж.Байден цохон тэмдэглэжээ. 


Хятадыг сөрөн зогсох чиглэлд АНУ ялна гэдэгт итгэлтэй буйгаа Цагаан ордны тэргүүн мөн илэрхийлэв.


“Хятад улсад дэлхийд тэргүүлэгч, хамгийн чинээлэг, хамгийн хүчирхэг нь болох эцсийн зорилго бий. Би энд байгаа цагт Хятад улс энэ зорилгодоо хүрч чадахгүй. АНУ хийгээд түүний холбоотнууд Тайвань, Өмнөд Хятадын сөргөлдөөний асуудлаар Хятадыг хариуцлагад татна. Үүнээс гадна дипломат үйл ажиллагааны зарим хэлбэрээр БНАСАУ-ыг сөрөн зогсоход бэлэн бөгөөд эцсийн дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ёстой” хэмээн Ж.Байден ярьжээ. 


Афганистанаас НАТО-гийн цэргүүдийг гаргах нь хэвлэлийн хурлын үеэр хөндөгдсөн гадаад бодлогын өөр нэгэн чухал асуудал юм. АНУ, “Талибан” хөдөлгөөний хооронд 2020 оны 2 дугаар сард байгуулсан гэрээнд зааснаар, америкийн цэргүүдийг тавдугаар сарын 1 гэхэд гаргасан байх ёстой аж.


Үүнээс гадна сэтгүүлчдийн сонирхлыг татаж байсан өөр нэгэн асуудал нь Ж.Байден ерөнхийлөгчийн албыг хашаад удаагүй байгаа ч 2024 онд болох сонгуульд оролцох, дахин Д.Трампын өрсөлдөгч болох эсэх асуултууд байв. Энэ асуултад хариулахдаа Ж.Байден ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх төлөвтэй байгаагаа хэлсэн байна.


Ерөнхийлөгч асан Д.Трампын талаар тэрбээр ярихдаа, би түүнийг санаж байна гэж хошигножээ. Түүнчлэн өрсөлдөгч нь ямар төлөвлөгөөтэй байгаа мэдэхгүй гэдгээ хэлсэн байна.

Холбоотой мэдээ