Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийн ачааг буулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-29 11:07:03

КАИР. /RIA Novosti/. Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч “Ever Given” хөлөг онгоцны ачааг буулгах ажиллагааг мягмар гарагт эхлүүлж магадгүй байна гэж Египетийн ерөнхийлөгчийн далайн боомтуудын асуудал хариуцсан зөвлөх Мохаб Мамиш мэдэгджээ.


Хөлөг онгоцыг чирэгч онгоцнуудаар татан гаргах бүх оролдлого бүтэлгүйтвэл ачааг нь буулгаж эхлэх аж. Ингэхийн тулд чингэлгүүдийг зөөх хөвөгч хэрэгслүүдийг авчрах шаардлагатай болно гэдгийг Мохаб Мамиш цохон тэмдэглэв.


"Ever Given" чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Хятадаас Роттердам хүрэх замдаа Суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хаасан юм. Хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, хөлөг онгоцны багийнхан удирдлагын хяналтаа алдаж хайргаджээ. Уг хөлөг онгоц 400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай байна.


Суэцийн сувгаар хөлөг онгоцнууд Африкийг тойролгүйгээр, Европ, Ази тивийн хооронд явах боломжтой юм. “Bloomberg” агентлагийн тооцоолсноор, сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум орчим ам.долларын хохирол учирч байгаа аж. 

Холбоотой мэдээ