Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-27 19:44:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Цасан болон шороон шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон Төв аймгийн Лүн  сумын Цагаан-Уул багийн хоёр иргэнийг эсэн мэнд олсон талаар ОБЕГ-аас өнөөдөр мэдээлэв.


Энэ сарын 26, 27-нд нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 метр секунд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 метр секунд, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 метр секунд хүрч, шороогоор шуурсан. Мөн Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, салхины хурд 16-23 метр секунд хүрч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. 


Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас өнөөдөр 18.00 цагийн байдлаар нийт 18 айлын гэр, 25 айлын хашаа нурж, 5 байшингийн дээвэр хууларч, 200 орчим толгой мал шуурганд уруудаж, 20 толгой бог мал хорогдсон тухай дуудлага ОБЕГ-т иржээ.


Тухайлбал, Завхан аймгийн Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнхайрхан суманд тус бүр 1,Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 2, Баянговь суманд 1, Эрдэнэцогт суманд 1, нийт 4 айлын гэр, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1 блокон хашаа нурж, 20 бог мал дарагдаж хорогдсон, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 2 айлын гэр, Жаргалан суманд 6 айлын гэр, 24 айлын хашаа нурсан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 2, Уянга суманд 1, нийт 3 айлын гэр нурсан байна.


Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 18-26 хүрч, Дорнод аймгийн нутгаар цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ