Сэтгэл судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний цахим хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-27 15:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимээс зохион байгуулсан “СЭТГЭЛ СУДЛАЛЫН ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал  энэ сарын 26-нд боллоо.


Их, дээд сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнууд мэргэжлийн хичээлээр эзэмшсэнээ практикт хэрэгжүүлж байгаа байдал, туршилт судалгаа, оношилгооны чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж мэдлэг, туршлагаа хуваалцах, цаашид хамтран ажиллах боломжийг олгох зорилготойгоор тус хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Эрдэм шинжилгээний хуралд сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй 53 оюутны 39 хамтарсан багийн судалгааны ажлаас МУБИС, МУИС, ХУИС-ийн 9 багийн 18 оюутны судалгааг хэлэлцсэнээрээ онцлог болов. 


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Ө.Ундармаа ахлагчтай багийнхны “Эерэг сэтгэцийн байдлыг ээнэгшилтийн хэв маягтай холбон судалсан нь” сэдэвт судалгаа тэргүүн байр, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Б.Үнэнгэрэл ахлагчтай багийн “Арав хоногийн сошиал мацгийн нөлөөллийг судалсан нь” дэд байр, МУБИС, БоСС-ийн ССАЗТ-ийн 2-р түвшний оюутан А.Энхжавхлангийн “Хронотипийг сурлагын амжилттай холбон судалсан нь” сэдэвт судалгаа гуравдугаар байрт шалгарав. Мөн ангийн оюутан Ө.Цэнгэлжаргал, Ц.Туул нарын “Хувь хүний темпераментийн онцлогийг сэтгэлийн түгшүүртэй холбон судлах нь”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Б.Халиуны “Насанд хүрэгчдийн бие хүний хэв шинжийн үзүүлэлтүүд болон мөнгөнд хандах хандлагын хамаарлыг судалсан нь” сэдэвт судалгааны ажил тусгай байрыг эзэлжээ. 

Холбоотой мэдээ