Токиогийн Олимпын албан ёсны зочдын тоог хоёр дахин бууруулж магадгүй байна

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-03-27 12:59:02

ТОКИО. /Kyodo/. Японы эрх баригчид Токио хотноо болох зуны Олимпын наадмын албан ёсны зочдын тоог хоёр дахин бууруулах боломжийг судалж эхэлжээ.


Одоогийн байдлаар тамирчид, тэдний багийн гишүүд, үйлчилгээний ажилтнууд болох 30 мянга орчим хүнийг оруулаад 90 мянга орчим гадаадын зочин ирэх төлөвтэй байна. Японы эрх баригчид тэмцээнтэй шууд холбоогүй гадаадын зочдын тоог багасгах замаар энэ тоог хоёр дахин цөөрүүлэхөөр төлөвлөж байгаа аж. Коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан Токиогийн Олимпыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.


Зуны Олимпын XXXII наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд Японы нийслэл Токио хотноо болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.


Холбоотой мэдээ