Залуу судлаач дэлхийн шинжлэх ухааны сангаас хүссэн мэдээллээ авах чадвар эзэмшихийг захив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-06-14 17:39:20

БСШУЯ, Монгол Улсын ШУА хамтран 6 дахь жилдээ шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт сургалт семинар өнөөдөр эхэллээ.

Дэлхийн шинжлэх ухааны салбарын мэргэжлийн хэвлэл “Springer Nature”, “Research4life” мэдээллийн сангуудыг ашиглах санаачилга, аргазүйг танилцуулж, “Судалгааны үр дүнг мэдээлэх, хэвлүүлэх” сэдвээр мэргэшүүлэх сургалт явуулж буйгаараа онцлогтой.

Сургалтыг нээж ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Залуу судлаачид цаашид Монголын шинжлэх ухааны ачааг үүрэлцэх улс. Өөрийн хүрээний мэдээллийг хаанаас ч олж авах чадвартай, хийсэн ажлаараа эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвартай байх ёстой. Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ хүссэн цагтаа авах чадварыг эзэмших нь хамгийн чухал” хэмээн онцлов.

БСШУЯ, ШУА-ын хамтын санаачилгаар дэлхийн тэргүүлэх эрдэм шинжилгээний мэргэжлийн хэвлэлийн газар болох “Springer Nature”-тай 2016-2021 он хүртэл таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж, 11 салбарын 1821 эрдэм шинжилгээний сэтгүүл болон 580 орчим нээлттэй сэтгүүлийг ШУА, МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд ашиглах боломжтой болсон байна.

Мөн БСШУЯ-ны санхүүжилтээр 2016-2017 онд хоёр жилийн хугацаатай олон улсын “Research4life” мэдээллийн сан дахь 185 хэвлэн нийтлэгчдийн 69 мянга гаруй судалгааны материал ашиглах боломжийг дээрх сургуулиудын эрдэм шинжилгээний байгууллагуудад давхар бүрдүүлж өгч байгааг албаныхан хэлж байна.

Сургалтад ШУА-ын харьяа хүрээлэнгүүд, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Монголын Үндэсний музей, Монголын залуу эрдэмтдийн холбоо зэрэг 40 гаруй байгууллагын 250 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ