Сумдын шуурхай штабын бэлэн байдлыг шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-03-23 22:59:45
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штаб "Ковид-19" нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр хуралдлаа.
Хурлын эхэнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат коронавирусний халдвар аймгуудад зөөвөрлөгдөж, нөхцөл байдал цаг ирэх тусам хүндэрч байгааг мэдээлж, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдыг Хэнтий аймгийн ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай, хяналттай ажиллахыг хүслээ.
Шуурхай штабын хурлаар Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Тагнуулын хэлтсийн дарга, удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, аймгийн Засаг дарга цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг даалгавруудыг өглөө.
Хэрлэн сумын Онцгой комисс, Шуурхай штабыг Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирж гэрийн ажиглалтад ороод буй иргэд, хүнс тээврийн жолооч нарт гэрийн ажиглалтын долоо хоногийн тусгаарлалтын дэглэмийг мөрдүүлэн ажиллахад онцгой анхаарч, хяналтдаа авахыг үүрэг болгов.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулснаас 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардаж, Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн нэг сарын хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ирсэн. Тэгвэл аймгийн Засаг дарга Мэргэжлийн хяналтын газарт иргэд олон нийт өргөнөөр үйлчлүүлдэг үйлчилгээний төв, ААН-үүдэд тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Мөн 24 цагаар шуурхай штабт жижүүрлэн ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын таван албан хаагчдын төлөөллийг бүтээн байгуулалттай холбоотой ирсэн компани, компанийн ажилчид, ноолуур худалдан авч байгаа хувь хүн, ААН-үүдэд хяналт тавьж, тусгаарлалтын дэглэмийг мөрдүүлэн ажиллахыг, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм сахиулахыг үүрэгдлээ.
Үүнчлэн аймгийн Онцгой байдлын газарт сумдад зохион байгуулах Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг коронавирусний үеийн бэлэн байдлын үзлэгтэй хамтатган ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хамтатган зохион байгуулж, Сумдын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдлыг шалган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхийг даалгав.
Аймгийн Засаг дарга цаашид цар тахлын нөхцөл байдал хүндэрч болзошгүй учраас гамшгийн эрсдэлийн зардлаа хэмнэх, Эрүүл мэндийн газрыг түргэвчилсэн оношлуур яаралтай татаж авах, эмийн нөөцөө бэлтгэхийг анхаарууллаа.
Холбоотой мэдээ