Өнгөрсөн онд 500.000 шоо метр ус олзворлон иргэдэд түгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-23 16:12:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулах, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулж сурталчлан өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 


Энэхүү өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Ус орчны эрүүл ахуйн зөвлөл, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа /ХГЦНСГ/, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөр хамтран “Усны үнэлэмж, үнэ цэн” уриан дор тэмдэглэн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЭМГ, БОАЖГ, ХХААГ, Есөнбулаг сумын ЗДТГ, ХГЦНСГ, УЦУОША, “Ундарга-Алтай” ААТҮГ болон ус ашиглагч байгууллагуудын удирдлага мэргэжилтэн, төслийн ажилтнууд оролцсон юм. Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, усны нөөцийн хомсдол, түүний зохисгүй хэрэглээ, усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх боломжийг сурталчлах, төрөөс гаргаж байгаа хууль дүрэм журам, тогтоол шийдвэрийг аж ахуйн нэгжүүдэд таниулах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг өрнүүллээ хэмээн зохион байгуулагчдын зүгээс танилцууллаа. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар ус ашиглагч байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, салбар дундын зохицуулалтыг хангах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг үнэн бодитой төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон хэлж байлаа.

Алтай хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хариуцан ажилладаг “Ундарга-Алтай” ААТҮГ нь цэвэр усны хангамжийн эх үүсвэрийн зургаан худгаас 18444 хүн ам, нийт 5200 өрхийг ундны цэвэр усаар хангадаг юм. Түүнчлэн 2020 онд 500.000 шоо метр ус олзворлон ард иргэдэд түгээсэн бөгөөд нийт хэрэглэгчийн 2900 орчим нь гэр хорооллын өрх бөгөөд тэдэнд 22 худаг, гурван цистерн автомашинаар ундны цэвэр усыг түгээдэг ажээ.


Холбоотой мэдээ