Сингапурт их хэмжээний зааны соёог шатаан устгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 11:13:57

СИНГАПУР. /Prensa Latina/. Зааны соёог хууль бусаар хил давуулагчдыг илрүүлэх ажиллагааны явцад сүүлийн хоёр жилийн хугацаанд хураан авсан 8 тонн орчим зааны соёог Сингапурын холбогдох албаны хүмүүс шатаажээ.

7.9 тонн буюу 2700 гаруй зааны соёог чулуу бутлагч машинаар бяцалж жижиглээд дараа нь шатаасан байна.

Сингапур улсад хурааж авсан зааны соёог анх удаагаа устгасан нь энэ юм гэж тус хот улсын Хөдөө аж ахуй, хүнс, мал эмнэлгийн газар мэдэгдлээ. Өмнө нь хураагдсан зааны соёог буцааж өгөх, музейнуудад хандивлах эсвэл боловсролын салбарт зориулан хадгалдаг байжээ.

2014 оны нэгдүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд явуулсан дөрвөн удаагийн ажиллагааны явцад 7.9 тонн зааны соёог хураан авсан байна.

Кениэс тээвэрлэн авчирсан цайны навчны дор 2000 орчим тооны зааны соёо нуусан байсныг 2015 оны тавдугаар сард олж илрүүлжээ.

Зэрлэг амьтан, ургамлыг худалдаалах тухай 1989 оны олон улсын Конвенцид зааснаар, зааны соёо худалдахыг хориглосон юм.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ