Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарыг Улаанбаатарын хүндэт иргэнээр өргөмжлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-22 17:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхт өдөр Оросын  Шинжлэх ухаан, соёлын төвд “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн нээгдэв. 

Үзэсгэлэнг Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын аеронастикийн холбоо, Дү-дү хүүхдийн сансрын музей, Монголын сансрын технологийн холбоо, "Марс-В" төсөл, "Монсаат" болон МУИС-ын "Мазаалай" хөтөлбөр зэрэг байгууллагаас зохион байгуулж оролцлоо

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан ховор гэрэл зургууд болон сонирхолтой баримтуудыг дэлгэн үзүүлж байна.



Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарын албаны хүмүүс, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, сансрын багийн гишүүн, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч М.Ганзориг болон Монгол Улсын гавьяат нисэгч агсан Д.Сүрэнхорлоо нарын гэргий нар оролцлоо. 

Энэ үеэр ойг тохиолдуулан НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ЗХУ, БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын 2 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков нарыг нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр өргөмжиллөө.


Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч М.Ганзориг болон Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын багийн гишүүн, хурандаа С.Сайнцог нарыг нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор тус тус шагнасныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулав. 

Тэрээр, "Сансрын 2 нисэгч маань сансрын уудамд дийлэн нисэж, ард үлдсэн сансрын багийн гишүүд сансар судлалаар ажилласнаар бүгд Монгол Улсын сансар судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяаг монголчууд бид үеийн үед алдаршуулж байна" хэмээн онцолсон юм.

“40 жилийн тэртээх энэ үйл явдал бол манай улсын шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлалын үүсэл болсон. Тиймээс энэ өдрийг хүүхэд залууст таниулах, бахархуулах олон ажлыг НИТХ, ЗДТГ болон бусад холбогдох газрынхан хамтран зохион байгуулж байна.  Монгол Улсын сансар судлалын үүсэл хөгжилд сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, сансрын нисгэгч В.Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй ОХУ, Монгол Улсын анхны нислэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Иймд сансар судлалын шинжлэх ухааны судлахуунд үнэтэй хувь нэмэр оруулсаныг өндрөөр үнэлэн Монгол Улс, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн хүндэт иргэнээр дахин алдаршуулж байна” гэв.



Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ