Сансарт болсон хэвлэлийн бага хурал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-03-23 10:15:10
@ShoovdorBatbold

-Хамтарсан нислэгийг сурвалжилсан 40 жилийн өмнөх сурвалжлага-2-

                       

Сансарт хэвлэлийн бага хурал хийнэ гэвэл зарим уншигч гайхаж болох юм. Сансарт болдог хэвлэлийн бага хурал газрынхаас илүү цэгцтэй, асуулт, хариулт нь илүү дутуу үггүй байдгаараа онцлог юм билээ. 1981 оны 3-р сарын 27-ны өдөр “Салют-6”, “Союз-39” эрдэм шинжилгээний цогцолборт ажиллаж байгаа Монгол-Зөвлөлтийн сансрын нисэгчид хөтөлбөрийн дагуу “Биоритм”, “Хүртэхүй”, “Туяа" сорилт туршилтын ажлаа түр завсарлаж хэвлэлийн бага хурал хийх болсон юм.


Монгол-Зөвлөлтийн сансрын нисэгчид сансрын тойрог замд 5 хоног ажиллаж байна. Энэ тав хоногт тэд ямар шинэ сорилт туршилтын ажил хийснийг сонирхож, Монгол нутгийн гүнээс олон захидал авсантай холбогдон энэхүү хэвлэлийн бага хурлыг хийсэн юм. Сансрын уудам сар мичдийн тохиох зайнд яваа сансрын нисэгчидтэй тохой нийлүүлэн зэрэгцэн сууж байгаа юм шиг хол ойрын сонин хачин, үзэж харснаа хөөрөлдөхөд алс холын зай, тэнгэр газрын хаа нэгтээ газар байгаагаа огтхон ч анзааралгүй ханатлаа хуучлан хөөрөлдсөн маань бас нэгэн гайхамшиг байлаа. “Салют-6”, “Союз-39” хөлөг тойрог замын үзэгдэх бүсэд орж ирснээр хэвлэлийн бага хурал эхэлсэн юм.


Сансрын нисэгч В.Ковалёнок: Бид эрдэм шинжилгээний цогцолборт заасан хөтөлбөрийн дагуу сорил туршилтын ажлаа цаг минуттай уралдан хийж байна. Харин эх дэлхийдээ болж буй сонин сайхныг сонсох гэж бид сэтгэл яаран хүлээж байна гэснээр хэвлэлийн бага хурлын ажиллагаа эхэлж харилцан мэндэлж сурвалжлагч эхний асуултаа тавьсан юм.

Сурвалжлагч: Дэлхий дээр шинэ сонин зүйл элбэг л байна, цаг бага учир тэр бүхний тухай хөөрөлдөх боломж үгүй мэт. Харин та нар хараахан сонсож амжаагүй зарим сонинг дуулгая гэж бодож байна. Та нар сансарт хөөрөх тэр мөчид Улаанбаатарт 2 хүүхэд, хөлгийг станцтай залгах үед Гүррагчаагийн төрсөн нутаг Булган аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Эцэг эх нь энэ үйл явдлыг ихэд бэлгэшээж хүүхдүүддээ нэр хайрлах гэж шоо хаяж түрүүн төрсөн хүүг Сансар Жанибеков, удаах хүүхдээ Гүррагчаа хэмээн нэрлэжээ. Гурван ихэр охинд Одмаа, Очмаа, Сансармаа гэсэн нэр хайрлажээ. Орос нөхдийн ойлгоход тус болох гэж ихэр гурван охины нэрийг Звёздочка, Искра, Космос хэмээн орчууллаа. Эрхэм нөхөд та нарт хүсч хэлмээр юу байна?

Станцын бүхээгт хөгжилдөж, үүнд Гүррагчаа хариулбал илүү зохимжтой юм гэж В.Ковалёнок хэлэв. Бидний нислэгийн үеэр Гүррагчаагийнхан улам өнөр өтгөн болж байгаа нь маш их бэлгэ дэмбэрэлтэй тохиолдол, тэдэнд эрүүл мэнд, аз жаргалтай өсөн торнихын ерөөл дэвшүүлье гэж В.Жанибеков өгүүлэв.

ЖГүррагчаа: Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг эхэлсэн тэр мөчид манай эх нутагт шинэ иргэд мэндэлсэн явдал сансарт нисч яваа бидний хувьд дэлхийн сайн сайхан мэдээний нэг гэж бэлгэшээж байна. Сансрын уудмыг энх тайвнаар шинжлэн судлах их эрин эхэлсэн үед төрсөн энэ бяцхан иргэд одоо мөрөөдөл төдий байгаа олон сонин үйл явдал, баатарлаг үйлст биечлэн оролцох атаархмаар сайхан хувь тавилантай хүмүүс гэж болно. Шинэ мэндэлсэн бяцхан иргэддээ эрүүл энх, аз жаргалтай өсөн бойжиж, хайрласан нэрийнхээ бэлгэ дэмбэрлээр ирээдүйн сансрын их аянд оролцохын ерөөлийг бэлгэдэн дэвшүүлье. “Салют-6” станцад ажиллаж байгаа Зөвлөлт-Монголын багийн мэндийг эцэг эхэд нь дамжуулахыг хүсье.

Сурвалжлагч: Их баярлалаа. Та бүхний мэндийг бид заавал дамжуулна. Хүндэт нөхөр В.Ковалёнок, та сансарт 3 удаа аялж байгаа хүн. В.Жанибеков та “Салют” станцын бүхээгт хоёр удаа очоод байна. Ийм учраас та хоёрыг хуучин нутгийн хүмүүс гэж болно. Тэгээд танай сансрын гэрийн тавилга аль хэр өөрчлөгдөөд байна вэ? Гэр орон чинь тав тухтай байна уу?

В.Ковалёнок: Станцын бүхээг байдгаараа байгаа. Харин эрдэм шинжилгээний аппарат хэрэгсэл нэмэгдсэн нь үнэн. Нөгөө талаар хүний аж төрөх нөхцлийн хувьд яривал, энд аж төрөн суух бүрэн боломжтой, харин түрүүчийн нислэгээс хойш станцад эрдэм шинжилгээний аппарат хэрэгслийн тоо олширсон учир ажиллахад сонирхолтой байна.

Сурвалжлагч: Жанибеков та юу хэлмээр байна? 

В.Жанибеков: Би Владимир Ковалёноктой санал нэг байна. Юрий Романинко, Георгий Гречко, Олег Макаров бид дөрөв байсан үеийнхээс аппарат хэрэгслийн тоо үнэхээр их нэмэгджээ.

Сурвалжлагч: Их баярлалаа. Одоо Гүррагчаагаас нэг зүйл асууя. Монгол нутагт хаврын урь орж, хөдөө нутагт төлийн дуу цангинаж, тариа ногоо тарих бэлтгэл дуусч, усны шувуудын түрүүч ирж байна. Малчид энэ жил 9 сая төл бойжуулах төлөвтэй байна. Та малчин ард түмэндээ хандаж юу хэлэхсэн бол?

Ж.Гүррагчаа: Хавар өдийд манай хөдөө нутагт төл малын цангинах дуун тал нутгийн хөг аялгуу болж байдгийг би тодхон санаж байна. Ардын хувьсгалынхаа их ойг амжилт арвинтай угтаарай гэж ерөөе. Бид нислэгээ амжилттай дуусгаад эх нутагтаа очиход тал нутгийн маань тариа ногоо, өвс ургамал цэцэглэн алаглаж, анхилуун үнэрээр цээж дүүрэн амьсгалах их сайхан үе тохионо хэмээн яарч байна. Малчин ард түмэндээ их амжилт ахин дахин ерөөе.

Сурвалжлагч: Эрхэм хүндэт Виктор Савиных, та дэлхийд ажиллаж байхдаа зохион бүтээх товчоонд ажиллаж, сансрын олон хөлөгт зориулсан аппарат төхөөрөмж бүтээхэд оролцсон гэж би дуулсан юм байна. Таны бүтээсэн тэдгээр аппарат хэрэгсэл станцын бүхээгт хэр сайн ажиллаж байгаа бол?

В.Савиных: “Салют-6” станцын бүхээгт байрлуулсан аппаратууд энд нэлээд удаж байгаа юм. Станцад ирж байгаа аппарат хэрэгслүүд сайн ажиллаж байна. Станцад байгаа эдгээр аппарат хэрэгслийн тусламжтайгаар, улс ардын аж ахуйн тусын тулд шинжлэн судалж байна. Мөн эдгээр аппарат хэрэгслээр станцыг удирдан залж, дэлхий болон нар бусад од гарагийн чиг баримжааг тогтоож байна. Аппарат хэрэгсэл эвдрэл гэмтэлгүй сайн ажиллаж байна. Сансрын найрсаг багийнхан бид эдгээр аппаратаар ажиллаж, ажлын зарим үр дүнг “Союз-39” хөлөг эх дэлхийд буцах үед нь өгч явуулна.

Сурвалжлагч: Монголын телевиз үзэгчид та нарын эрэлхэг баатарлаг үйлст амжилт хүсэн олон мянган захидал, цахилгаан ирүүлж байна. Гүррагчаа та сансраас нутгийнхаа телевиз үзэгчдэд юу сонирхуулж захиж хэлмээр байна?

Ж.Гүррагчаа: Зөвлөлтийн сансрын нисэгчидтэй тойрог замд хэд хоног хамтдаа аялсан тухай үзэгчид та бүхний талархал хүсэлтийг баяртай хүлээн авч байна. Бидний хамтын нислэгт санаа тавьж, амжилт хүссэн та бүхэнд дахин баярлалаа. “Салют- 6” станцад зөвлөлтийн нөхөдтэй эвсэг сайхан ажиллаж, хугас үг хэлэхэд л бие биенээ ойлгодог сайн нөхөд болцгоолоо.

Сурвалжлагч: Жанибеков, Гүррагчаа хоёр “Салют-6” станцын нэг ёсны зочин юм. Ковалёнок, Савиных та хоёр станцад нэлээд олон сар хоног ажиллажээ. Байнгын зорчигч, зочин гэж ялгалгүй та бүхэн тус тусдаа үүрэг гүйцэтгэж байгаа биз?

В.Ковалёнок: Манай баг хөдөлмөрийн хуваарьтай. Гэхдээ хийх туршилт сорилт маань хоорондоо нягт уялдаатай. Минийх, чинийх гээд ялгаад байх юмгүй. Харин би нэгдсэн багийн даргын хувьд хооллож, ундалж, амарч байхад нь хяналт тавьдаг юм. Үүнээс өөр бүх ажлыг бид найрсгаар хамтран хийдэг юм.

Сурвалжлагч: Монгол хүн өвөг дээдсийн үеэс эхлэн сайн нөхөр, сайхан хүлэг хоёрыг их үнэлдэг. Одоо сансарт сайн нөхөд, сайн хөлөг хоёулаа байна. Энэ талаар та юу ярьж чадах вэ?

Ж.Гүррагчаа: Сансрын хөлөг бол хамгийн хүчтэй, маш сайн унаа юм. Сансрын хүчит пуужин манай хөлгийг газраас сансрын тойрог замд гаргахын тулд 20 сая морины хүч гаргасан. Энэ хүчийг гаргахын тудд манай орны тал хөндийг бүрхэн бэлчдэг адуун сүргийг цуглуулаад ч хүрэхгүй. Зөвлөлт Монголын найрамдлын их хүч намайг зөвлөлтийн анд нөхөдтэй хамт сансрын уудамд аялах боломж олгов. Үнэхээр хурдан хөлөг гэдгийг зүйрлэн хэлбэл бид нэг хоногт үүрийн туяатай 16 дахин золгож байна. Эдгээр нь үлгэр домгийг үнэн болгосон үнэхээр гайхамшигтай явдал мөн. Жанибеков, Ковалёнок, Савиныхтай сансарт зулай даран төрсөн ах дүүгийн адил найртай эвсэг ажиллаж байна.

Сурвалжлагч: Эрхэм нөхөд өө, яг одоо та нарын орон гэр болсон салют станц монгол нутаг дээгүүр нисэн өнгөрч байгааг хоймрын дэлгэцнээс харж байна. Та нар манай орныг харж байна уу?

Ж.Гүррагчаа: Бид монгол орныг түрүүчийнхээ тойргуудад маш сайн ажигласан. Бид Монгол орны төв хэсэг дээгүүр нисч өнгөрсөн, үнэнийг хэлэхэд хугацаа бага байсан боловч харсан үзсэнээ тэмдэглэж бичиж авсан, сайхан санагдаж байлаа.

Сурвалжлагч: Бид В.Жанибековоос нэг зүйл асууя. Та хоёрын хөлөг станцтай тооцоолсон цагаас өмнө залгагдсаныг бид харсан. Тэгвэл сансарт төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлж болдог газрын ойлголт бас байх нь ээ?

В.Жанибеков: Хугацаанаасаа өмнө залгагдсан нь үнэн. Хоёр багийн бие биес рүүгээ тэмүүлсэн халуун сэтгэл, эрмэлзлэл хүгацаанаас нь өмнө залгагдахад тус дэм бас болсон. Хүмүүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн, хөлгийн хөдөлгүүрийн аль аль нь өөд өөдөөсөө тэмүүлж байсан юм.

Сурвалжлагч: Жанибековт дахин хандъя. Өрнөдиин хэвлэлд “Оросууд энэ нислэгийг суртал нэвтрүүлгийн зорилгод ашиглаж байна” гэж шуугиан дэгдээж байна?

В.Жанибеков: Суртал нэвтрүүлэг гэж яриад байгаа бол муу ч зүйл бишээ. Суртал нэвтрүүлэг мөн шүү дээ. Энэ бол Монголын ард түмний сурталчилгаа. Хүн төрөлхтөний хөгжил дэвшлээс алс зайдуухан байсан Монгол Улс хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн хөгжиж буйн сурталчилгаа яах аргагүй мөн. Салют станцынхан бид удахгүй үзэгдэхгүй бүсэд орох нь. Хэвлэлийн бага хурлаа өндөрлөе. Монголын телевиз үзэгчдэд эрүүл мэнд, аз жаргал, амжилт бүтээл, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Сурвалжлагчид: Эрдэм шинжилгээний сорилт, туршилтын ажил ихтэй байсан ч, зав чөлөө гаргаж бидний тавьсан асуултад сэтгэл харамгүй ойлгомжтой хариу өгсөн та бүхэнд үзэгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Баяртай. Хэдхэн хоногийн дараа эх дэлхий дээрээ баяртай уулзацгаая. 


Хэвлэлийн бага хурал ийнхүү болж өнгөрөв. НУТ-өөс сар мичдийн тохиох зайнд яваа “Салют-6” станцын багтай хийсэн хэвлэлийн бага хурал элэгсэг дотно, сэтгэлээ илчилсэн гүн утга агуулгатай болж өнгөрөв.

Хуй салхи мэт довтлон сарын газрыг өдрөөр, жилийн газрыг сараар товчлон гүйдэг ид шидтэй аргамаг морьдын тухай өвлийн шөнийн уртад үлгэр тууль хайлан байсан өвөг дээдсийн маань мөрөөдөл өнөөдөр барин тавин бодит үнэн болсныг Монгол-Зөвлөлтийн сансрын нислэг нотлон харуулав.


Түдэвийн ГАЛДАН

(Увс аймгийн Тэс суманд төрсөн Т.Галдан нь Намын дээд сургууль, Москвагийн Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 60 орчим жил МОНЦАМЭ болон Монгол телевизэд сэтгүүлчээр ажилласан юм.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагчийн хувьд Т.Галдан Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг бүрэн сурвалжилсан бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр Ж.Гүррагчаа. В.Жанибеков нарыг эх дэлхийдээ эргэн  газардахад нь анхны товч ярилцлагыг хийж байжээ.

Тэрбээр МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, дэд захирал, тус агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины Эрхлэгчээр ажиллаж байв.

Т.Галдан 2001 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн юм.)


Холбоотой мэдээ