Орландод халдлага үйлдсэнийг улс орнуудын удирдагчид зэмлэн буруушааж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-13 13:51:59

ВАШИГТОН. /Reuters/. АНУ-ын Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газар руу өнгөрсөн шөнө нэгэн зэвсэгт этгээд дайран орж, олон хүнийг хөнөөснийг дэлхийн  улс орнуудын удирдагчид зэмлэн буруушааж байна.

50 хүний аминд хүрсэн аймшигт халдлагыг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Твиттер хуудастаа зэмлэн буруушааж бичээд, Франц улс америкчуудыг дэмжинэ гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад эмгэнэл илэрхийлэн цахилгаан мэдээ илгээсэн байна. Путин хэлэхдээ “Энэ зэрлэг балмад хэргийн улмаас гэр бүлийнхнээ, хайртай хүмүүсээ алдсан хүмүүсийн уй гашууг Орос орон хуваалцаж байна” гэжээ.

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани энэ хэргийг мөн эрс буруушаасан байна. Орландогийн шөнийн цэнгээний газарт гал нээсэн этгээдийн эцэг эх нь Афганистанаас АНУ-д цагаачилж очсон хүмүүс гэх мэдээлэл байгаа билээ.

Гани хэлэхдээ “Энгийн номхон иргэдийг хөнөөснийг яагаад ч зөвтгөх аргагүй” гэсэн байна.

Мөн Их Британийн хатан хаан II Элизавета Твиттер хуудастаа “Орландод болсон энэ хэрэг явдал намайг болон хунтайж Филиппийг цочирдуулсан” гэж бичжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ