Өвөрхангайд хоёр хоноод буцсан иргэний шинжилгээ эерэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссийн Шуурхай штаб хуралдаж, Улаанбаатар хотоос аймгийн төв рүү орох, гарах хөдөлгөөнийг 3 дугаар сарын 13-ны 06.00 цагаас 3 дугаар сарын 20-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалаа.
Учир нь 3
дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирсэн иргэн аймгийн
төвд хоёр хоноод буцахдаа өгсөн шинжилгээгээр халдварын сорьц эерэг хариу
гарсан байна.
Тухайн иргэний
явсан маршрутыг аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Мэргэжлийн хяналтын
газраас тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд цахим хяналтын системд бүртгэгдсэнээр томоохон
худалдааны төвүүд, гандангаар явсан нь тогтоогдоод байгаа юм.
3 дугаар сарын
1-ний өдөр хот хооронд тогтоосон хөл хориог цуцалснаар халдварын голомтот бус
нутгаас аймаг руу ирэх, дамжин өнгөрөх зорчигчдын тоо эрс нэмэгдсэн байна. Энэ
сарын байдлаар 3 мянга гаруй иргэн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа ч халдвар
хамгааллын дэглэм зөрчиж, олон нийтийн газраар үйлчлүүлж байгаа нь цахим хяналтын
системд бүртгэгдээд байгаа юм. Тиймээс 18 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу
арга хэмжээ тооцжээ.
Шуурхай штабын
өнөөдрийн хуралдаанаар дамжин өнгөрөх цэгүүдийн хяналтыг чангатгах, улсын
чанартай авто замаас Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр, Сант сум руу салдаг
уулзваруудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, зам дагуух шатахуун түгээх
станцуудад хяналтын камер байрлуулах, Хужирт сум дахь рашаан сувиллуудад амрагчдыг
нэмж авахгүй байх шийдвэрийг гаргалаа.